Мэргэжлийн Сагсан Бөмбөгчин Б.Даваажав таалал төгслөө
Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин Б.Даваажав 4 дүгээр сарын 26-ны өдөр 37 насандаа цаг бусаар хорвоог орхижээ.
Тэрээр анх спортын замналаа Ёлууд багаас эхлүүлэн Алдар Танан Гарьд Багт тоглон үргэлжлүүлж байсан юм.
Энэ тухай түүний дотны нөхөд, сагсан бөмбөгийн хорхойтнууд өөрсдийн цахим хаягтаа нийтлэн эмгэнэл илэрхийлээд байна.
Эмгэнэл
Баянжав Даваажав /1984-2021/
ОУХМ Б.Даваажав 2021 оны 04 сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сагсан бөмбөгт нөхөж баршгүй том гарз тохиолоо. Б.Даваажав нь сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчны замналаа ХҮДС Ёлууд багаас эхлүүлж амьдралынхаа сүүлийн хором мөч хүртлээ спорт сагсан бөмбөгтөө үнэнч байсаар хорвоог орхилоо.
Түүний хувьд замналынхаа турш Ёлууд, Хасын Хүлэгүүд, Үндэсний Супер лигийн Баянгол Мадимос Шонхорууд, Алдар Танан Гарьд, Баянгол БТЗ зэрэг багуудад тоглох хугацаандаа өөрийн хичээл зүтгэл, тоглолтын арга туршлагаараа хүчин зүтгэсэн баг бүрдээ үр нөлөөтөө тоглож чаддаг талбай дотор талбайн гадна ч баг хамт олондоо эвсэг нийтэч, түшиг тулгуур, үлгэр жишээ болсон тамирчин байлаа.
Олон олон залууст сагсан бөмбөгийн тамирчин хүний чанарыг өөрөөрөө баталж, шаргуу хөдөлмөр тууштай зүтгэлийн үр шимээр олон жил нэг түвшиндөө хэрхэн тоглож болохыг харуулсан даруухан нэгэн тамирчин биднийг үүрд орхин одлоо.
Түүний элгэмсүү зөөлөн зан ааш, эелдэг дотно яриа, хөдөлмөрч хичээнгүй чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно. Зорьсон зорилгодоо хүрдэг, бодсоноо үйлдэл болгодог дэндүү хөдөлмөрч тамирчин байсан шүү.
Ар гэр, төрөл төрөгсөд, анд найз нөхөд, ажлын хамт олон, Дээд лигийн хошой аварга Алдар Танан Гарьд баг, Монголын сагсан бөмбөгийн нийт дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.