ТОДРУУЛГА: Т.Ганзул: “Карантин-14” шоунд MCS групп том дэмжлэг үзүүлсэн, төсвөөс мөнгө аваагүй

Хатуу хөл хорионы үеэр арилжааны хэд хэдэн телевизүүдээр “Карантин-14” шоуг 14 хоногийн турш  нэвтрүүлсэн. Үргэлжлүүлэн өнөөдрөөс “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг телевизүүд хүргэж эхэллээ. Олны танилууд, нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг урлагийнхан, сэтгүүлчид, телевизийн анкоруудыг “дайчилсан”  шоуг маш өндөр зардлаар хийж, тэр зардлаа төсвөөс гаргуулж байна гэх шүүмжлэл, хардлага их байна. Дээрх асуудлаар  ЕTV телевизийн захирал, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтэх захирал  Т.Ганзулаас тодрууллаа.

-Хөл хорионы үеэр “Карантин-14” шоу 14 хоногийн турш  үзэгчдэд хүрсэн. Энэ  шоуны зардлыг төсвөөс гаргаж байна, үр өгөөжгүй зүйлд мөнгө  зарлаа гэх хардлага их  байна. Төсвийг Засгийн газраас гаргаж байгаа гэдэг үнэн үү?

-Эхлээд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. Өөрийн тань асуултад би Монголын телевизүүдийн холбоог төлөөлж хариулт өгөхгүй. Яагаад гэхээр энэ шоуг “Монголын телевизүүдийн холбоо”-ноос зохион байгуулаагүй. Теле хичээл дээр бол Монголын телевизүүдийн холбооны логог  байршуулсан байдаг.  Харин Карантин-14, Мэдээллийн урсгал хөтөлбөр дээр тухайн телевиз, сайт өөрсдийн логогоо байршуулсан байгаа. Өөрөөр хэлбэл хэд хэдэн телевиз, редакцийн  хамтран хийж байгаа ажил юм. Жишээ нь манай ETV өөрсдийн хүн хүч, студи, камер хэрэгслээ дайчлан оролцсон. Энэ талаасаа хариулт өгч болно. Тодорхой хэлвэл телевиз болгон өөрсдөө дотроо зохион байгуулалтаа хийгээд явж байгаа.

Зардлын хувьд хөтөлбөрийн дундуурх реклам сурталчилгааны төсвөөс  зардлаа гаргаж байгаа. Улсын төсөв, Засгийн газраас нэг ч төгрөг аваагүй. Засгийн газрын оролцоо гэвэл албан ёсны эх сурвалжуудаа бидэнд гаргаж өгөх. Бидний зүгээс  Засгийн газарт “Та бүхэн ХӨСҮТ, ЭМЯ, УОК, НОК зэрэг албаны эх сурвалжуудаа холбож өгөөд иргэд, олон нийтэд  өөрсдийнхөө амаар үнэн зөв мэдээллийг хүргэ” гэдэг санал тавьсан. Энэ хүрээнд л оролцож байгаа.

 

-Олны танил, урлагийнханыг нэг дор цуглуулсан, нүсэр, зардал ихтэй харагдаж  байсан л даа. Жишээ нь уран бүтээлчид бол өөрсдөө тодорхой хэмжээний үнэлэмжтэй байдаг?

Ивээн тэтгэгчдийн реклам сурталчилгаа дундуур нь явдаг. Тэндээс мэдээж зардлаа босгоно. Харин оролцогчдын хувьд кино  уран бүтээлчидтэй бол уран бүтээл дээр хамтран ажиллах байдлаар шийдсэн. Жишээ нь кино уран бүтээлчид театруудад киногоо гаргах гээд хуваариа аваад рекламаа явуулдаг. Нэг киног театрт гарч дуусах хүртэл 15-20 сая төгрөгөөр сурталчилгааг нь явуулдаг жишиг бий.  Энэ төсөвтөө тухайн киноны уран бүтээлчид манай телевизийн ийм шоу, ийм нэвтрүүлэгт оролцоно гэдэг байдлаар хамтран ажилладаг. Энэ жишгээрээ явсан.

Зарим уран бүтээлчидтэй ивээн тэтгэгч байгууллагын дэмжлэгээр хамтран ажиллах гэрээ байгуулаад явсан зүйл бий. Энэ шоуг MCS групп олон талаар дэмжсэн. Уран бүтээлчдийг 10 хоног байрлуулах, 3 удаагийн хоол зэргийг хариуцаж АСЕМ вилла, Clubhouse зэрэг обьектоо ашиглуулсан.

-Засгийн газраас зардал гаргасан гэдэг баримт одоогоор алга. Гэхдээ телевизүүд олимп дамжуулах замаар  “Карантин-14” шоу, “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн зардлыг Засгийн газраас гаргуулах тохироо хийсэн гэдэг мэдээлэл надад байгаа юм?

-Одоо телевизүүд Засгийн газраас 1.6 тэрбум төгрөг гаргуулчихлаа гэдэг хардлага яваад байна. Тэгвэл Олимп дамжуулах зардал 4.5 тэрбум  төгрөг. Олимп дамжуулах хүсэлтэй телевизүүд  хамтраад эхний ээлжинд нэг телевиз 50 мянган доллар босгон, нийт 900 мянган долларыг нь төлөөд 2021 оны нэгдүгээр сард гэрээгээ  байгуулсан. Үүнээс хойш хөл хорионоос болоод хувийн хэвшлийн телевизүүд хүнд байдалд байгаа.  Одоо олимп дамжуулах эрхээ бүрэн авахын тулд 600 мянган долларын төлбөр нэмж төлөх ёстой. Нэг ёсондоо өртэй явж  байна гэсэн үг.

Анх олимпийн бүх төрлийг дамжуулъя гэж  ярилцаж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас дэмжихээ илэрхийлж байсан. Ингээд цар тахлаас болоод олимп ч хойшилж, Засгийн газар ч солигдлоо. Одоогийн Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн  хувьд ковид-ын нөхцөл байдал хүнд байгаа учир санхүүжилт  шийдэх боломжгүй байна гэсэн.

Олимп дамжуулахад ч “Монголын телевизүүдийн холбоо” оролцоогүй. Учир нь холбоонд байдаг зарим телевизүүд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Жишээ нь Монгол HD, MN25, Эх орон  телевиз өөрсдийн бодлогоос шалтгаалан оролцоогүй. Тиймээс оролцох телевизүүдийн  төлөөлөл нь “Эх олимп нэгдэл” ТББ байгуулан  урьдчилгаагаа төлж гэрээгээ хийсэн.

 

-Өнөөдөр эхэлж байгаа “Мэдээллийн урсгал” хөтөлбөр шүүмжлэл дагуулаад эхэллээ.  “МҮОНТВ-ийн нэвтрүүлэгчдийг зарлаа, “Цагийн хүрд” гэх олон жилийн турш эвдэгдээгүй хөтөлбөрийг эвдлээ”  гэцгээж байна?

-“Мэдээллийн урсгал”-ыг яг  тогтоод үзвэл олон нийтийн сүлжээнд яваад  байгаагаас арай өөр дүнэлт хийх болов уу.  Редакциуд, мэдээллийн  хөтөлбөр болгон өөрийн онцлогтой. Тэр өнцөгөө барьж мэдэээллээ хүргэнэ.  МҮОНТВ-ийн тухайд би тайлбар хэлэх нь зохимжгүй.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр А.Амундра  ажиллаж байгаа. Энэ хүний зохиолоор  “Карантин-14”, “Мэдээллийн урсгал” хөтөлбөр явагдаж байгаа мэт өнгө аяс  харагдаж байна. Зөвлөх А.Амундраагийн оролцоо байгаа юу?

-Оролцоогүй гэж хэлэхгүй. Оролцоо байгаа. Эх сурвалжаар хангах байдлаар ажиллаж байгаа.

С.ОТГОН

 

 

 

 

Similar Posts

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *