У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ТАВАН ИШЛЭЛ
МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох таван ИШЛЭЛийг хүргэж байна.
- Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх. Цар тахал дээр улс төр хийж, УОК,Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан. Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлуудаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ. Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.
Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах.Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан. Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.
2. Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно. Намайг Баянгол дүүргийн уулзалтын тайзан дээрээс буухад миний өмнө таягаа тулаад, ёслоод зогсож байсан азай буурлыг би огт мартдаггүй юм. “Зүтгээрэй миний хүү, бид чамд итгэж байгаа шүү, зүтгээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлээс огт гардаггүй юм. Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.
3. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна. Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.
4. Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш.Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.
5. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй.Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой.