|

“Хархул хааны балгас” нь Хархориноос ч том хот байсан уу?

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 14-р зууны үеийн “Хархул хааны балгас” гэх хотын туурь бий. ШУА-ийн Археологийн хүрээлэн 2020 оноос хойш хотын гол гудамжинд малтлага судалгааг хийжээ. Гудамжны өргөн нь 18 метр буюу Хархориныхоос илүү өргөн, мөн 20-30 мянган хүнтэй хот байсан болов уу гэж таамаглаж байгаа юм. Энэ жилийн хувьд энэ туурийн том талбайг цэвэрлэн, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалж, он цагийн дээжүүд авах ажлууд хийгдэх аж.

Хархорин хоттой нэг цаг үеийнх, Хархориноос ч илүү нарийн төлөвлөлттэй хотын энэ туурийг малтан судлах ажлыг Голомт банкны санаачилгаар гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж буй “Өв соёлын голомт” түүх археологийн төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх юм.

Өмнөх жилүүдэд төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын Хар Түнэ орд, Ингэт толгойн хүн чулуун хөшөө, Эзэнт гүрний үеийн булш зэрэг томоохон дурсгалт газруудад археологийн малтлага, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дэд төслүүдийн үр дүн эхнээсээ гарсаар байна. Тухайлбал “Ван хан Тоорилын орд өргөө” хэмээн таамаглаж, энэ нэрээр олны дунд алдаршаад байсан Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах “Туулын Хар Түнэ Орд” газрын малтлага судалгааг хэрэгжүүлснээр уг дурсгал нь Ван ханы ордны үлдэгдэл бус 17-р зууны эхэн үеийн Бурхны шашны сүмийн туурь болохыг тогтоосон. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой хэмээх газарт байрлах хүн чулуун хөшөөг өмнө нь судлаачид Киданы үед холбогдоно гэж үзэж ирсэн. Гэвч энэ хүн дүрст хөшөө Жужаны үед хамаарах бурхны шашинтай холбоотой хамгийн эртний дурсгалд тооцогдох буюу Бурхан багшийн дүр болох нь тогтоогдож, одоогоор судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлж байна.

 

Мөн Монголын зүүн бүсийн нутагт буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хэрлэнбаянцагаан ууланд шинээр илэрч олдсон Монголын эзэнт гүрний үеийн булш оршуулгын дурсгалт газарт малтлага, судалгааг хийсэн. Олдсон олдворуудын байдлаас харахад энэ уулын орчимд шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн 14-р зууныг хүртэл эртний нүүдэлчид амьдарч, булш бунхнаа үлдээсэн болох нь тогтоогдож, түүх археологийн чухал дурсгалт газарт зүй ёсоор тооцогдоод байгаа билээ.

Монголчуудын түүх бол дэлхийн түүх хэмээн эрдэмтэн судлаачид бичдэг. Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл урт хугацаанд хэрэгжсэнээр хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх, цаашлаад дэлхийд таниулах томоохон ач холбогдолтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *