Factcheck: Монголбанк, Хөгжлийн банкны нэр ашигласан цахим залилангаас болгоожил
Mongol International Trade гэсэн нэртэй фэйсбүүк хуудсыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
Factcheck:
Mongol International Trade фэйсбүүк хуудсыг 2023.06.25-нд Deegii Ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч нээж, 2024.03.10-нд Mongol International Trade болгон өөрчилжээ.
Пэйжийн талаарх мэдээлэл дээрээ mongolinternationaltrade.com гэсэн хаяг бичсэн байгаа руу нэвтэрч ороход ажиллахгүй байгаа бөгөөд хаяг дээрээ 66 Eulji-ro, Jung-gu , Seoul, South Korea гэсэн Солонгос хаяг оруулжээ.
Пэйжийн зургийг нягталж үзвэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжүүлсэн орон сууцуудыг худалдах талаар Хөгжлийн банкнаас өгсөн мэдээллийн зураг байна.
Тус пэйжээс хоёр удаа спонсорлож пост гаргасан нь хоёулаа өндөр цалинтай ажил, урамшуулал санал болгожээ.
Постуудыг нь шалгавал 2023 онд ямар нэгэн тайлбаргүй зургууд оруулсан нь УИХ-ын танхимд сууж байгаа хүн, Монголбанкны гэрээ байгуулж байгаа зэрэг зураг постолсон байна.
Дээрх постод 432 хүн хариу үйлдэл үзүүлж, 372 хүн коммент бичсэн нь “мэдээлэл авъя” гэсэн коммент байна.
Эдгээр комментэд дараах хариуг өгчээ.
Улмаар Монголбанкны албан ёсны мэдээллүүдийг түгээж байгаад 2024.04.30-нд “Odrin 495k gin tsalintai ajild tsoon tooni hvn bvrtgej chatar medeelel awarai.” гээд хүмүүсийн иргэний үнэмлэхээ барьсан зургуудыг эвлүүлж постолжээ.
2024.06.28-нд мөн “Бид Монголын ард түмний нэрийн өмнөөс эд баялаг, гэр орны орлого сайтай үйлчилгээ, ашигтай санал, сайн эдийн засгийг авчрахын тулд энд байна. Өнөөг хүртэл бид ажлаа төгс хийж ирсэн бөгөөд өнөөдөр бид Монголдоо хамгийн олон шагнал хүртсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний багийг хүлээн авлаа
Бид энэ шагналыг 2021 онд авсан
Бид энэ шагналыг 2022 онд авсан
Бид энэ шагналыг 2023 онд авсан
Энэ нь Монголын ард түмэнд сайн орлоготой үйлчилгээ үзүүлэхэд бид 100% баталгаатай байгаагийн баталгаа юм. 2023-2024 оны хооронд 78,000 гишүүн бүртгүүлсэн байна. Энэ богино хугацаанд гишүүд банкнаас авсан их хэмжээний зээлийг төлж, өр зээлээс нь чөлөөлж чадлаа.
Өнөөдөр манай үйлчилгээнд нэгдэж, Монголын чинээлэг хүн болох төгс аяллыг мэдрээрэй” гэсэн пост оруулсан байна.
Уг постын зургийг шалгахад мөн REMAX пэйжид нийтлэгдсэн зураг бөгөөд дээрх агуулга нь утга найруулга муу, Google translate ашигласан байх магадлалтай байна.
2024.07.01-нд оруулсан дараах постод коммент бичсэн 70 хүн мөн л мэдээлэл авахыг хүсжээ.
Mongol International Trade гэсэн нэрээр фэйсбүүкт би хайлт хийж үзлээ. Ингэж шалгахад ийм нэртэй, 48 хүнтэй нээлттэй групп илэрч байна. Уг группт орвол 2024.07.13-нд “Адилхан монгол хүмүүс байж нэгнийгээ энгэж луйвардаж буруу аргаар мөнгө олоод та нарт сайн зүйл лав дагуулахгүй шүү хүний зовлонгоор жаргал хийх сайхан байна уу? Та нарыг хэлдэг газар нь хэлж явах газараар явж алдсан бүх мөнгөө та нараас олж авах болно😡😡😡😡😡” гэсэн пост оруулжээ. Постууд нь уг посттой адил “мөнгөө шилжүүлээд блоклуулсан” гэсэн агуулгатай постууд байна.
Уг постод ашигласан зургууд дунд албан бичгийн зураг нийтэлжээ.
Уг албан бичиг дээр Монголбанкны логог оруулж, 2021.07.25-ны огноотой Баталгаат захидал гэсэн бичиг байна. Гэвч агуулгад нь Монголбанкийг төлөөлсөн агуулга багтаагүй байна. Түүнчлэн хэл найруулгын хувьд монгол хүн бичсэн гэхэд эргэлзэхүйц, Google translate ашигласан байх магадлал байна.
Үндэс угсаа гээд “Их Британи” гэсэн боловч хамгийн доод хэсэгт Бүтэн нэр гээд “Монгол Улсын Хөгжлийн банк”, Компани байгуулах огноо гээд “1924 оны 6-р сарын 2” гэжээ.
Энэ бүхнээс үзэхэд дээрх пэйжийг иргэдийг луйвардах зорилгоор ашигласан нь тодорхой харагдаж байгаагаас илэрхий хуурамч мэдээлэл түгээжээ.
Иймд иргэд аливаа мэдээллийг нягталж, баталгаат эх сурвалжаас авч, цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Factcheck.mnсайтаас сануулж байна.