“Ц.Анандбазар хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан нэвтрүүлэг цацуулахгүй байх санал тавьсан”
“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ёс зүй, Сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүллээ.
Тэд хамтран энэ сарын 25-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдэж байсан гэх бэлгийн хүчирхийллүүдийн тухай сэдвээр баримтат нэвтрүүлэг хийж хүргэсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тэд нэвтрүүлэгтээ оролцсон гэрч, хохирогч болох таван эмэгтэй нэрийг цагдаагийн байгууллагад ил болгосон ба тэднээс мэдүүлэг авч байгаа юм байна.
Сэтгүүлч Ц.Анхзул “Энэ сарын 25-ны өдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд оролцож, баримт, үйл явдлыг ярьсан. Нэвтрүүлэг гарсны дараа олон дагагчтай цахим хуудсуудаар нэвтрүүлгийг эсэргүүцэж, бид хоёрыг хүн гүтгэсэн гэх мэдээлэл цацсан. Мөн манай цахиур.мн сайтыг хаалгачхаад байна. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ёсзүй, Сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байна.Бид мэдээллийг тэнцвэртэй байдлыг хангахын тулд нөгөө талаас Ц.Анандбазараас тодруулга авах гэж залгасан ч хариу өгөөгүй.Харин зурвас бичихэд 30 минутын дараа Ц.Анандбазарын хэвлэлийн төлөөлөгч гэх хүн нэвтрүүлгээ гаргахгүй байж болох уу, уулзъя, тохиролцъё гэсэн. Бид зөвхөн тодруулга авна, тохиролцохгүй гэдгээ хэлсэн” гэлээ.
Харин сэтгүүлч С.Будрагчаа “Охидын эрх, ашгийг хамгаалах үүднээс би уг ажилд хамтарч оролцсон. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлага бий. Тэгэхгүй бол албан тушаалаа ашиглан хэргийн үнэн бодит байдлыг гажуудуулах, хөндлөнгөөс нөлөөлөх, хохирогчдыг сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргаж болзошгүй. Уг хэрэг шүүх дээр очихоос өмнө саармагжуулах эрсдэлтэй.
Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг яаралтай шалгаж шийдэх шаардлагыг бид холбогдох газруудад нь тавьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу Ц.Анандбазарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, ажлын байрны бэлгийн дарамтыг олон удаагийн үйлдлээр гаргасан гэх маш олон зүйлчлэлээр шалгах ажил яг хийгдэж байна. Таньдаг хүнээр дамжуулж “Мөнгө өгье, Тохиролцмоор байна” гэсэн. Гэхдээ сэтгүүлчдэд худалдагдашгүй үнэ цэнэ, хувирашгүй итгэл үнэмшил бий” гэсэн юм.