Б.Жавхлан: Гурван хувийн хүүтэй зээлийг 8784 зээлдэгчид олгосон
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, гурван арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд гурван хувийн хүүтэй зээлийг 8784 зээлдэгчид олгосон бөгөөд үүнд 604.2 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.