Улаанбурхан өвчний эсрэг вакциныг амбултори, өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ
Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны наймдугаар сарын 01-нд бүртгэгдсэн.
Тодруулбал, 47 настай эрэгтэй 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Алмата хотод, долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Улмаар долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн.
Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Хавьтал 700 гаруй тогтоогдоод буй. Тиймээс улаанбурхан өвчний эсрэг вакциныг ЭМТ, ӨЭМТ-дэд хийж эхэллээ.
Дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.
ЭМЯ-наас уг өвчнийг бага насны хүүхдэд маш аюултай халдварт өвчин хэмээн мэдээлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг танилцуулав.
- Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
- Илчлэг, тэжээллэг хоол өгөх
- Өдөрт 4-5 удаа заавал хооллох
- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
- Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.