С.Ганбаатар: Би МАН-тай нийлж чадахгүй учраас МАХН-аас гарч байна
МАХН, МАН хоёр нэгдэж буйгаа зарласан. Тэгвэл МАХН-аас УИХ-д сонгогдсон цор ганц гишүүн болох С.Ганбаатар үүнийг эсэргүүцэж, МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.