Хугацаат цэргийн хоёр алба хаагчийн өвчин гадны нөлөөнөөс үүсээгүй
Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж авч байгаа талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд тархаж иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд буй.
Уг мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд ар гэртэй нь холбогдож, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу шилжүүлж авчраад байна.
Хоёр цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдэг нь гадны нөлөөлөл буюу гэмтэл бэртлээс үүсээгүй. Удахгүй төлөвлөгөөт хагалгаанд орно. Хувь хүний өвчний талаарх мэдээлэлд хариулт өгч чадахгүй. Шаардлагатай гэж үзвэл тус хоёр цэргийн албан хаагчаас тодруулж болно” гэлээ.