Онон голд живсэн хоёр иргэний нэгийнх нь цогцсыг олж, нөгөөг нь хайж байна
Онон голд автомашинтайгаа живсэн хоёр иргэний нэгийнх нь цогцсыг олж, нөгөөг нь эрэн хайж байна.
Тодруулбал, Хэнтий аймаг, Батширээт сумын Онон багийн “Өгөөмөр” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/ 66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар “Онон” голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живжээ.
Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.
Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны 09:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид тухайн иргэнийг хайх явцдаа Онон голын 8 метрийн гүнээс “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг олж, есдүгээр сарын 22-нд татан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Харин Зорчигч И/58 настай, эрэгтэй/-г одоог хүртэл олоогүй, үргэлжлүүлэн эрэн хайж буй аж.