Ашиглалтын хугацаа дууссан 146 лифтийг шинэчиллээ

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 7,700 гаруй лифт байдаг. Үүнээс ашиглалтын хугацаа дууссан 130, ашиглалтын шаардлага хангаагүй 40 лифт буюу хуучны орон сууцны барилгын нийт 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 146 лифтийг шинэчлээд байна. Энэ талаар “Улаанбаатар лифт”  ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Лифтний насжилт 20-25 жил байдаг боловч нийслэл дэх ашиглалтын шаардлага хангаагүй лифтнүүдийн 90 хувийг 30-аас дээш жил ашигласан байна. 2020 оноос өмнөх жилүүдэд улс, нийслэлээс төсвийн хөрөнгийг бүрэн шийдэхгүй байгаагаас шалтгаалан лифт шинэчлэлт удаашралтай байсан. Харин 2020-2024 онд уг ажлыг эрчимжүүлж, хуучны орон сууцны барилгын 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөснөөс 146 лифт шинэчилсэн бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ лифтээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж буй” хэмээв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг.

Түүнчлэн лифт нь эрсдэлтэй байгууламжид хамаардаг учраас ашиглагч байгууллага жил бүр техникийн үзлэгт оруулах, хэвийн байдлыг тогтмол шалгах, мэргэжлийн байгууллагаар магадлал гаргах зэрэг болзлыг хангавал урт хугацаанд ашиглахаас гадна болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Мөн иргэд нийтийн өмчид ариг гамтай хандан, хэрэглэж байхыг албаны хүмүүс уриалж байлаа.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *