ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
АН-д өгсөн хоёр цагийн завсарлага дууссан учраас МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргав. Тэрбээр Засгийн газрын мэдээллийн цагаа түр завсарлуулаад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх горимын санал гаргасан юм. Улмаар гишүүдийн 66.7 хувийн саналаар горимын санал дэмжигдлээ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэх байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувийн саналаар байнгын хороодын санал дэмжигдлээ.