Lady Gaga-ын нохойг барьцаалсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ
Lady Gaga-ын нохдыг салхилуулагч Райн Фисчер өнгөрөгч 2 дугаар сарын дундуур нохдыг салхилуулж явах хооронд дээрэмчид түүнийг буудан гэмтээж, нохойг дээрэмдсэн юм.
Харин Лос-Анжелос хотын цагдаа нар уг хэргийг шалгаж, нохойг барьцаалсан байж болзошгүй 5 этгээдийг сэжиглэн саатуулж байна. Тэдгээр сэжигтнүүд дотор нохойг цагдаагийн хэлтэст авч ирж өгсөн эмэгтэй ч багтаж байгаа бөгөөд тэднийг хүний амь насанд халдах оролдлого хийсэн болон дээрмийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэжигтнүүд 19-27 насны эрэгтэйчүүд болон 40 настай эмэгтэй нар бөгөөд өмнө нь дээрэм, халдлагын хэргээр шийтгэл хүлээж байсан этгээдүүд аж.
Цагдаа нарын сэжиглэж байгаагаар дээрэмчид нохдын эзнийг анхнаасаа мэдээгүй ч үнэтэй үүлдэрийнх тул зарах эсхүл барьцааны мөнгө нэхэх зорилгоор дээрэмдсэн ч эзэн нь олны танил эмэгтэй учраас асуудал томрохоос эмээж нохдыг буцаан өгсөн байж болзошгүй аж.
Нохдыг салхилуулагч Райн тухайн өдөр дуучны 3 нохойг салхилуулж явсан бөгөөд дээрэмчид түүний цээжин тус газар буудаж, гурван нохдын хоёрыг аваад явжээ.
Аймшигтай үйл явдлын дараа Lady Gaga өөрийн цахим хаягтаа “Райн бол бидний гэр бүлийн төлөө амиараа тэмцсэн хамгаалагч баатар. Би үргэлж түүнд талархаж явах болно” гэж бичжээ.
Одоогоор Lady Gaga хоёр нохдоо эрүүл саруул буцааж авсан бөгөөд нохой салхилуулагч Райны биеийн байдал ч тун сайн байгаа аж.
Эх Сурвалж: www.people.com