Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд А.Адъяасүрэн түрүүллээ
Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.
42 дахь удаагийн тэмцээнд 30 гаруй орны 400 орчим жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин зодоглож байгааг бид мэдээлсэн. Тэмцээний эхний өдөр манай тамирчид дөрвөн медаль хүртээд байсан.
Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд Азийн наадмаас хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”, гранпри ангиллын цувралаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Өдгөө 24 настай тэрбээр Олимпын наадам болон жүдо бөхийн ДАШТ-д оролцсон юм.
Харин эрэгтэйчүүдээс +100 кг-д зодоглосон дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 2016 онд энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бол найман жилийн дараа дахин финалдаж, мөнгөтэй болов. Түүний хувьд Азийн наадмаас хошой мөнгө, ААШТ-ээс мөнгө, гранпри, “Их дуулга”-ын есөн медальтайгаас гадна залуучуудын ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.