Бан Ги Мүн маргааш Монголд ирнэ
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны Бямба гарагт тохионо. Энэ өдөр Чингис хаан одон гардуулдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр болсон билээ. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд ирэхээр болжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлж, Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болох юм.
Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна.
Сануулахад, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.