“Шунхлай” групп волейболын “SG Hawks” багтай боллоо
Монголын Волейболын холбооны 2024 оны Үндэсний дээд лиг Баасан гарагт эхлэнэ. Энэ жилийн лиг өрсөлдөөнтэй, халуун уур амьсгал дунд зохион байгуулагдах нь тодорхой болж байна. Тодруулбал, эрэгтэй багуудын дунд ширүүн өрсөлдөөн, үзүүштэй тоглолтууд өрнөх нь тамирчдын шилжилт, хөдөлгөөн, шинэ багуудын бүрэлдэхүүнээс харагдаж байна.
Энэ жилийн лигт шинээр гурван баг хүч үзэхээр орж ирж байгаа нь “Өмнөговь Энержи”, “Төв Миг” болон “SG Hawks” багууд юм.
Эдгээрээс “SG Hawks” баг нь бидний мэдэх 2023 оны Үндэсний дээд лигийн мөнгөн медальт “Шанх Транс” юм. Тус багийг Монголын тэргүүлэх “Шунхлай” групп ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болж, багийн брэнд, өнгө төрх бүрэн шинэчлэгджээ.
Энэ шинэчлэлтэйгээ зэрэгцүүлж тус баг мөн легионер тоглогчдоо танилцууллаа.
“SG Hawks” чөлөөт хамгаалагчийн байрлалд Пакистаны шигшээ багийн тоглогч, 2024 оны AVC Challange cup тэмцээний шилдэг либеро, 2017, 2018 оны клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пакистан улсын хоёр дахь том хотын нэг Лахор хотын “Wapda” клубт харьяалагдан тоглож байсан Nasir Ali гэх тамирчныг авчээ.
Мөн голын хаагчийн байрлалд тоглодог Куба улсын тамирчин 24 настай Tomas Lescay Favier -ийг эгнээндээ нэгтгээд байна. “SG Hawks” багийн ахлагчаар Монгол Улсын шигшээ багийн довтлогч Б.Батсуурь үргэлжлүүлэн ажиллана.
Ийн шинэ ивээн тэтгэгчтэй болсон “SG Hawks” багийн бүрэлдэхүүн волейбол сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Багийн спорт хурдацтай хөгжих, бие даасан байдлаа бүрэн хадгалж, шилдэг тамирчид төрөн гарахад санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа нэн чухал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд сагсанбөмбөгийн дээд лиг үзүүштэй, сонирхолтой болж байгаагаас гадна тамирчдын цалин, хөлс хангамж сайжирсан.
Тэгвэл волейболын спортод өөрсдийн өнгө төрх, уран тоглолт, амжилтаараа нэрээ гаргасан “Шанх Транс” багийг “Шунхлай” групп ивээн тэтгэхээр болсон нь тус багийн тамирчдын амжилтад нөлөөлөх нь гарцаагүй. Шинэ дүр төрх бүрдүүлсэн “SG Hawks” багийг энэ жилийн лигт ямар амжилт гаргахыг бид хүлээх үлдлээ.
ibb7fv