Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой
Нийслэлийн хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт эрхэлж байгаа 6 аж ахуйн нэгжийн 76 тээврийн хэрэгслийн техникийн байдал, тээвэрлэлтийн нөхцөлд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийж байна. Энэ талаар НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журамд зааснаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн нөхцөл, техникийн байдлыг шалгаж, улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг. Дүгнэлтийг үндэслэн Замын цагдаагийн газраас тээвэрлэлт эрхлэх замналын зөвшөөрлийг өгдөг. Өнөөдрийн байдлаар шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлдэг хоёр аж ахуйн нэгжийн 18 авто тээврийн хэрэгсэлд энэхүү дүгнэлтийг гаргаж, тээвэрлэлт эрхлэх зөвшөөрөл авсан байна. Дүгнэлт аваагүй аж ахуйн нэгжүүдэд нэн даруй зөвшөөрөл авахыг шаардаж хугацаатай үүрэг даалгавар өгсөн” гэдгийг онцоллоо.
Аж ахуйн нэгжүүд шингэрүүлсэн шатдаг хий зэрэг аюултай ачааг тээвэрлэхдээ олон улсын хэмжээнд хэрэглэдэг аюултай ачааны таних тэмдэг болон аюулын шинж чанарын тухай санамж байрлуулсан, техник ашиглалт, аюулгүй байдлыг хангасан байдлаар тухайн ачааг тээвэрлэхэд тусгайлан бэлтгэж мэргэжлийн хяналтын холбогдох байцаагчаар шалгуулна. Улмаар ашиглахыг зөвшөөрсөн тухай дүгнэлт гаргуулж, аюултай ачааны стандарт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу тээвэрлэх журамтай юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС