Автомашины гаалийн мэдүүлгийг цахимжуулснаар 1.8 тонн цаас хэмнэх тооцоо гарчээ
Автомашины гаалийн мэдүүлгийг цаасаар хэвлэдэг байсныг цахимжуулахаар болж байна. Энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс ажил хэрэг болохыг гаалийн байгууллагаас мэдээллээ.
Хүлээн авагчид зориулсан гаалийн мэдүүлгийг цахимжуулснаар автомашин импортлогч иргэн, аж ахуйн нэгжүүд мэдүүлгээ хэвлүүлэхийн тулд дугаарлаж цаг алдахгүй болох юм байна. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлгийг цахимаар илгээсэн байх юм. Түүнчлэн зайлшгүй хэвлэх шаардлагатай тохиолдолд E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Ийнхүү гаалийн мэдүүлгийг цахимжуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүд цаг, мөнгөө хэмнэхээс гадна цаас хэмнэж байгаа юм. Тухайлбал, гаалийн байгууллагын архив болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл цахимжсанаар жилд 1.8 тонн цаас хэмнэх тооцоо гарчээ.