Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрад “Найрамдал” шагнал гардуулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагнасан аж.
Тодруулбал суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн байна. Тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон хурал чуулганыг хамтран зохион байгуулсныг онцоллоо.
Мөн суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэсэн байна.