Төрөөс “төрсөн” Б.Мөнхжин хэний мөнгөөр шинэ цагийн “Цээж баян” болчихов
МАН-ы “цүнх баригчид” дундаа удам дамжсан, харьцангуй боловсролтой хэсэг нь Боловсролын зээлийн сангаас зээл авдаг жишгээр татварын төлөгчдийн мөнгөөр гадаадад сурч төгсөөд зээлээ тэглүүлсэн гэх хэл аманд орж явсан Б.Мөнхжин Гадаад харилцааны яам, Лондон дахь ЭСЯ–нд нарийн бичгийн дарга, атташегаар ажиллаж байсан. Тэрбээр МАН-ын гадаад харилцааны албыг ахалж байгаад 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх байхаар томилогдон ажиллах үедээ эрх мэдлээ ашиглан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад “нөлөөлөх” замаар Залаатын аманд 1,2 га газар авч цааш зарснаас хойш улс төр, албан тушаалаа ашиглах “бизнес”-т дурласан гэдэг.
Түүнийг цар тахлын хөл хориотой үед “0240 УНҮ” дугаартай дипломат албаны машинаар зочид буудал, тайчих клубт хүргүүлэн, архидан согтуурч, хүүхнүүд зөөж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж олны дургүйцлийг хүргэж байсан. Улмаар хариуцлага тооцохыг шаардсаар байтал нэлээд хугацаанд үл тоон тэссээр хэдэн сарын дараа арга буюу албан тушаалаас нь чөлөөлөгдсөн байдаг.
Ингээд хэсэг хугацаанд чимээгүй байж байсны эцэст энэ жилээс “Трафигура”-гийн Ази дахь төв оффисоор гүйдэлтэй болсон сураг дуулдсан.
Тэгвэл тэрбээр саяхнаас өөр шигээ “намын цүнх бариач” гэх тодотголтой хүрээллийн нөхдийн хамт уйгаггүй явсаар “Трафигура”-гийн Монгол дахь бизнесийг дэмжин ажиллах гэрээ байгуулахаар болж байгаа ажээ.
Б.Мөнхжин нь “Трафигура”–гийн Сингапур дахь төвөөс банк санхүү хариуцсан менежер болоод удаагүй байгаа эртний найз Д.Бадруунтайгаа хамтран “Тарафигура групп”-ээс зөвхөн нэг 7 хоногт олон тэрбумаар бараа, бүтээгдэхүүн авч байгаа талаар өөрсдийнх нь хүрээлэл болон нефть бүтээгдэхүүн импортлогчид ам уралдан ярьцгааж байна.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр Ерөнхий сайдын зөвлөх асан нь Ерөнхийлөгчийн зөвлөх асангийн хүүтэй нийлчихээд “Трафигура групп”–ийн төв дэх албан тушаалын дажины сиймхийгээр ашиг хонжоо хайж явна гэсэн үг биш гэж үү. Гэтэл үнэн хэрэгтээ эрхэм Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин бол “Монголынхоо эрх ашгийн төлөө дипломатчийнхаа хувиар тангараг өргөсөн л байж таарна. Тангарагаасаа ч няцаж…
Монгол төрийн Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, эрх баригч МАН-ы гадаад харилцааг хариуцаж явсан, гадаад улсад төрийг төлөөлж дипломат алба эрхэлж, тэр ч байтугай Төрийн сайдын алба хашиж явсан нэр төрөө ч бодохгүйгээр “Хөгжил муу орнуудын түүхий эдийг хямд авч өндөр ашиг хийж гаршсан, бага буурай орны ашиглан ашиг хонжоо олж, өөрсдийн алдагдлаа үүрүүлэн хаядагаараа алдартай” “Трафигура групп”-ын ашиг сонирхлыг хамгаалахаар уйгагүй зүтгэх нь ёс зүйн хувьд байж болшгүй шившигтэй хэрэг биш гэж үү? Тэгэхээр энэ “дипломатчик”-ийг ч, хамгийн гол нь Монголд ийм их хэмжээний бэлэн мөнгө банкинд ч байхгүй атал хаашаа элсэнд ус асгах мэт шингээгээд байгаа нь сэжигтэй биш гэж үү?
Төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан Б.Мөнхжин ажлаа өгснөөс хойш ямар замаар их хэмжээний зарлага гаргах болов, хэний мөнгөөр хүүдэгнэж, хэний мөнгийг хувиргаад байгааг, “Трафигура”-ийн Багахангай дахь агуулахад эзэн суухаар болсон шат дамжлага нь хэр зөв, цэвэр болохыг АТГ, ТЕГ шалгахад илүүдэхгүй гэдгийг эртнээс анхааруулъя.
Эх сурвалж: Д.Бямбадорж