Монгол Улсад ковид-19 халдвараар 4 хүн нас барсан гэв
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ /2021.02.02/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгаа (ХӨТС) эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1323 боллоо. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Нийт 1384 хүн эдгэрч, 448 хүн эмчлүүлж байна.Өнөөдрийн байдлаар нас барсан иргэдийн тоо дөрөв.
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод анх халдвар бүртгэгдсэнээс хойш маш түргэн арга хэмжээ авч, улс даяар хөл хорио тогтоосон. Түүний үр дүнд төмөр зам дагасан аймгуудад гарсан олон тооны голомтот халдварын тархалтыг түргэн хугацаанд барьж чадсан.
Дараа нь нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний улмаас БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвар Улаанбаатар хот даяар тархаж, халдвар авсан хүний тоо маш эрчтэй нэмэгдсэн. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 18 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод дахин хөл хорио тогтоосон.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт, “Ачтан” эмнэлгийн голомт зэргээс улбаатай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсний хүчинд эдгээр голомтуудыг бид хумьж, тогтворжуулсан. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс дахин хөл хорионы дэглэмийг бууруулсан. Мөн үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 8-наас хойш хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, 15 голомт шинээр илэрсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа.
Долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байна. БЗД-ийн голомт үүсэхээс өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо дунджаар 250 орчим байдаг байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн нь хүн амын хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотой. Бусад ижил түвшний орнуудтай харьцуулахад манай улс шинжилгээг илүү их хийж байна” гэлээ.