Мөсөнд авиралтын Дэлхийн цомд өрсөлдөх “Монгол тамирчид” БНСУ-ыг зорьжээ
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн энэ сарын 10-нд Өмнөд Солонгосын Чонсон хотод эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсаас найман тамирчин оролцохоор болжээ. Тэмцээнд оролцох баг тамирчид өчигдөр /2025.01.08/ тус улсыг зорьжээ.
Тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нар өрсөлдөнө. Харин хурд, техникийн төрөлд О.Сайханжаргал, Б.Баярмаа нар оролцох гэнэ.
Олон улсын уулчдын холбооноос мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд тус холбоонд гишүүнчлэлтэй 25 орны 150 гаруй тамирчид өрсөлдөнө. Өнгөрөгч 2018 онд БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм. Сүүлд 2020 онд БНСУ-д зохион байгуулсан мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байжээ