Чанаргүй зээл сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
Банкны салбарын 2024 оны эцсээрх тоймыг өнөөдөр танилцуулав:
Банкнуудын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ буурав. 2024 оны эхнээс эхэлсэн төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэх үйл явц үргэлжилсэн хэвээр байна.
Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
Инфляцын түвшин буулгахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр инфляц харьцангуй тогтвортой байсан ч оны сүүлийн хагасаас эрэлтээс үүдэлтэй инфляц нэмэгдэж эхэллээ.
Төлбөрийн тэнцэл, тэр дундаа санхүүгийн данс ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байхад чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдсэн хэдий ч хоёр удаагийн орон нутгийн сонгуулийн нөлөө болон төсөвт тодотгол хийсэнтэй холбоотой төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа.
Ийнхүү улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөв байдал үүслээ.
Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын өсөлт тогтвортой, үйлчилгээ болон худалдааны салбарын өсөлт үргэлжилсэн нь эдийн засаг 4.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлсэн. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж оны эхнээс хөдөө аж ахуйн салбар уналттай байсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.
Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Банкyууд иргэдэд хэрэглээний зээл буюу цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү олгожээ. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдсэн нь зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж байна.