Хятад улсад онлайн тоглоомыг гурван цагаас илүү тоглохыг хуулиар хориглолоо
Хятадын засгийн газар хүүхдүүдийн онлайн тоглоом тоглох хугацааг долоо хоногийн гурван цагаар хязгаарлах арга хэмжээ авчээ.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн тус улсын хүүхэд багачууд Баасан гараг, баяр, амралтын өдрүүдийн оройн 8-аас 9 цаг хүртэл компьютер, гар утсаараа онлайн орчинд тоглоом тоглох эрхтэй болж байна.
2019 онд тогтоосон өмнөх хязгаарлалтаар хүүхдүүд өдөрт 1.5 цаг, бүх нийтийн амралтын өдрүүдэд 3 цаг тоглох эрхтэй байсан юм.
Ингэснээр тус улсын технологийн аварга компаниуд болох Tencent, NetEase зэргийн үйл ажиллагаа, орлого ашигт нөлөөлөхөөр болж байна.
Тухайлбал Tencent компанийн зах зээлийн үнэлгээ энэ оны хоёрдугаар сарын оргил үе болох $573 тэрбумаас $300 тэрбум болтлоо буураад байгаа юм. NetEase компанийн хувьцааны ханш өчигдөр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 9 орчим хувиар унажээ.
Өнгөрсөн онд Алибаба компаниас эхэлсэн хатуу зохицуулалт, хяналт шалгалт Хятадын технологийн салбарт ийнхүү үргэлжилж байна.