Талаар нэг тарсан малын гоц халдварт өвчлөлөө дар, З.Мэндсайхан сайд аа!

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс 100 хувь  дотоодын хэрэгцээгээ  хангаж чадаж байгаа нь мах. Эрүүл, чанартай махаар хүн амынхаа хүнсний хэрэглээг хангах нь Хөдөө аж ахуйн яамны гол зорилтын нэг. Үүний тулд салбарын яам жилийн 4 улирал малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх,  хумих, хяналтандаа байлгах ажлыг хийдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд байгаагүйгээр Монгол орны өнцөг булан бүрт малын гоц халдварт өвчин дэгдэж,  хяналтаас гарчээ.

Тодруулбал өнөөдрийн байдлаар  12 аймагт ШҮЛХИЙ, 3 аймагт ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ өвчин, 2 аймагт ХОНИНЫ ЦЭЦЭГ  өвчин, 3 аймагт МЯЛЗАН өвчин тархаад байна. Малын гоц халдварт өвчлөлийн өмнөх жилүүдийн тоо статитакаас давсан энэ үзүүлэлт  нийт хүн амын хоол хүнсний аюулгүй байдалд  заналхийлж, махны экспортод хориг тавих үндэслэл болчихоод байгаа аж.

Гэтэл салбарын сайд З.Мэндсайхан  энэ талаар ярих нь бүү хэл зарим өвчлөлийг  нуун  дарж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Хамгийн ноцтой нь  өдгөө 3 аймагт дэгдээд байгаа ҮХРИЙН  ТОВРУУТ өвчин нь Дорнод аймгаас эхлэн тархжээ.Манай улсад өмнө гарч байгаагүй шинэ төрлийн өвчин учраас хамгаалах вакцин хийгээгүй, вакцины нөөц ч байхгүй гэнэ.Хуулиараа бол хоёр болон түүнээс дээш аймагт хүн, малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, УОК-оос хорио цээрийн дэглэм тогтоох,  хил залгаа хөрш орнууд болон ДМАЭМБ-д 24 цагийн дотор мэдээлэх үүрэгтэй байдаг аж.

Ямартай ч улс орон даяар аюулын харанга дэлдэж, УОК-ийг түргэн авахуулах ёстой малын гоц халдварт өвчин зэрэг зэрэг гарчихаад байхад мэргэжлийн байгууллага, харьяа яам агентлаг, төв Засгийн газар аль аль нь таг чиг.

Угтаа бол  салбарын сайд З.Мэндсайхан албан тасалгаандаа хуралдаж суух биш  орон нутагтаа   өвчлөлийг хумихаар ажиллаж  байх учиртай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргадаа “таалагдаж”, ажил хийж буй мэт харагдах  чинь нэг хэрэг. Талаар нэг тарсан  малын гоц халдварт өвчлөлөө  дар, З.Мэндсайхан сайд аа!

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *