Дөрөвдүгээр тун тарих асуудлыг Засгийн газар эрчимтэй судалж байна
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн иргэдийн 50 хувьд хүрвэл ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх бөгөөд дөрөвдүгээр тунг тарих асуудлыг судалж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.
Тэрбээр, “Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунгийн эерэг нөлөөний тухай олон улсын судалгаа байна. Тухайлбал, Израил улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар, 60-аас дээш насныхны халдвар авах тохиолдол багасаж, эмнэлгийн ачаалал буурсан. Их Британи улс иргэдийнхээ 20 хувийг хамруулснаар, тохиолдлын тоо 10 хувиар буурсан байна.
Харин манай улсын хувьд, эрдэмтдийн тооцоогоор, коронавирусний дельта хувилбарын давалгаа 9-10 дугаар сард болохоор байсан тул намраас гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм.
Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж “Шар” түвшинд шилжүүлэхийг Ерөнхий сайд онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэнэ” хэмээв.
Мөн тэрээр, улс орнууд албан ёсоор дөрөвдүгээр тун хийж эхлээгүй байгааг дурдаад, манай улс дөрөв дэх тунг тарих талаар судалгааг эрчимтэй хийж байгааг дуулгав. Мөн Израил улсад энэ талаар судалгаа өрнөж байгаа аж. Харин АНУ-д дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, ХДХВ/ДОХ, дархлалын суурь өвчтэй хүмүүст дөрөвдүгээр тунг эмчийн хяналтад тарих шийдвэр гаргаад байгааг дурдлаа.
Сингапур улсын хувьд Файзер, Модерна, Астразенека зэргээс бусад төрлийн вакцин тариулсан хүнийг өөрийн улсад ирвэл заавал Файзер вакцины хоёр тунг нэг сарын давтамжтай хийх шийдвэр гаргасан байна.