Орос цэрэг дайны гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ
Киев хотод Украины дайнтай холбоотой гэмт хэргийн анхны шүүх хурал явагдаж байгаа билээ. Тус шүүх хуралд яллагдагчаар татагдсан 21 настай Вадим Шишимарин зэвсэглээгүй энгийн иргэнийг буудаж хөнөөсөн хэргээ хүлээсэн байна. Тэрбээр дайн эхэлснээс хэд хоногийн дараа 62 настай эрэгтэйг буудан хөнөөжээ.
Нас барсан эрэгтэйн эхнэр хэлэхдээ “Би түүнийг өрөвдөж байна. Гэхдээ ийм хэмжээний гэмт хэрэг хийсэн учраас уучилж чадахгүй” гэсэн байна. Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова “Энэхүү дайны гэмт хэргийн анхны шүүх хурлаар Украинд үйлдсэн гэмт хэрэгт оролцсон хүн болгон хариуцлагаас мултарч чадахгүй гэдгийг харууллаа” хэмээжээ. Тэрбээр прокурорын газраас 41 Орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар шүүхэд бэлэн болсон гэдгийг өмнө нь мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ