Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороог 6 сараар сунгажээ
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд Монгол Улсын сайд, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай саналаа Эдийн засгийн байнгын хороонд ирүүлснийг онцлов.
Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нь УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад Хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч байгаа аж. Энэ хүрээнд шинжээч томилон ажиллуулах, улмаар Хөгжлийн банкны асуудлаар бүхэлд нь хянан шалгахад хугацаа шаардлагатай тул Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хүсэлт гаргажээ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар үг хэлсэн. “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 67.4 хувь нь дэмжив.
Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлах юм