|

БАЙР СУУРЬ: Нүүрсний хулгайн хэргээс өөрсдийгөө өмгөөлсөн гишүүд

“Нүүрсний хулгай” гэх хэрэг иргэдийн дунд өндрийг авч, төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнөөд тав хонож байна. Жагсагчид нүүрсний хулгайд оролцсон улс төрийн эрх мэдэлтнүүд болон хамсаатнуудын нэрийг зарлахыг ЗГ-аас шаардаж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан түр хяналтын хороо байгуулаад буй. Эл хэрэг хоёр парламентын нүүрийг үзсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байгаа юм. Харин иргэд бухимдаж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж эхлэхтэй холбоотойгоор хэд хэдэн гишүүдийн нэр  албан бусаар сөхөгдөж эхэлсэн. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон ЗГ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Нүүрсний хулгайн асуудлыг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор хэдэн хэсэг хүмүүсийн нэр зарлаад, хэрэг тохож орхих гэж байна. УИХ-д 2011-2015 оны хооронд хоосон чингэлгүүд хилээр гарсан гэх асуудал яригдаж байна. Мөн цар тахлын үеэр битүүмжлэгдэн чингэлгүүд хилээр гарсан гэдэг ч мэдээлэл байна. Энэ үеэр нүүрсний хулгай үйлдэгдсэн байх. Миний хувьд нэг зүйлийг баттай, нүүр бардам хэлэхэд би 2016-2017 оны хооронд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн нэг ч гэрээ хийж байгаагүй. Нүүрсний хулгайн эзэд нь тодорхой байгаа. Энэ хүмүүс өөрсдийнхөө хэргийг дарагдуулах гэж хүн рүү бухаж байна” гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Та нар миний хөрөнгө орлогын мэдүүлгийг үз. Өмнө нь М-Си-Эс компаниас хувьцаа эзэмшиж байсан. 2012 онд өөрийнхөө эзэмшиж байсан хувьцаагаа зараад энэ компанитай ямар ч холбоогүй болсон. Би энэ компанийн талаар байр сууриа илэрхийлэх эрхгүй. Иргэдийн жагсаалын хувьд бид жагсагчдын шаардлагыг биелүүлж офтейк гэрээг ил болгож, нэрсийг зарлах ёстой. Түүнээс хэн нэгнийг хэлмэгдүүлдэг хэн нэгний нэр төрд улстөрийн зорилгоор ханддаг ийм явдал байж болохгүй. Шүүхээр үнэн нь тогтоогдсон хүмүүсийг зарлах хэрэгтэй. Болдог бол энэ жагсаж байгаа хүмүүс ордны гадаа биш, дээд шүүх, прокурор, ЦЕГ, АТГ-ын гадаа жагсаарай гэж хэлмээр байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, “Эрх баригчид аливаа хэрэг шүүхээр батлагдаагүй байхад хэний ч нэрийг зарлаж болохгүй гэж ярьдаг мөртлөө сөрөг хүчний А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг зарлалаа. Цөөнхөө дээрэлхээд байна уу эсвэл хуулиа зөрчөөд байна уу гэдгийг хувь хүнийхээ хувьд бодолцоорой гэж хэлмээр байна. ЭТТ компанийн офтейк гэрээ зэрэг олон асуудалд улс төрийн эр зориг гаргаж, нээлттэй хэлэлцэж байж жагсагч нарын шаардлагын хариуг өгнө. Офтейк гэрээг нээлттэй болгохгүйгээр жагсагчид, хувьцаа эзэмшигчид тайвшрахгүй. Мөн Чалкогийн давуу эрхтэй 100 машины асуудал бий. Эрх баригчдын давуу эрхтэй машины асуудлыг яагаад хөнддөггүй юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Энэ сарын 21-ны нээлттэй сонсголоос өмнө ЗГ-аас нууц гэрээнүүдийг ил болгоно гэж мэдэгдсэн. Эрдэнэс Тавантолгой ХК-ын хувьд 100 хувь төрийн өмчит учраас надад мэдэх зүйл байхгүй. Надад тайлангаа тавьдаггүй. ТУЗ, удирдлагад нь Өмнөговь аймгаас нэг ч хүн байдаггүй. Тэр битгий хэл гүйцэтгэх удирдлагатай нь ч цөөхөн уулзаж байсан. Нүүрсний хулгай гээд хүмүүсийн яриад байгаа шиг тийм их хэмжээний нүүрс хилээр хараа хяналтгүй гарна гэдэг юу л бол. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын маш олон байгууллагууд хил гааль дээр ажиллаж байгаа. Тэр бүх байгууллагууд харахгүй байна гэж байхгүй. Мөн нүүрсний хулгайн асуудлын хажуугаар Өмнөговь аймгийг тэжээж бүтээн байгуулалтыг хийж байгаа орон нутгийн Таван толгойн уурхайг төрд авах гэж санаархаж байх шиг байна. Үүнтэй Өмнөговь аймгийнхан хатуу тэмцэнэ” хэмээв.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *