Эрчүүдэд “ЭРХ” бий юу?

Ингэхэд эрчүүдэд эрх гэж байдаг уу? Ер нь байна уу? Маргааш буюу гуравдугаар сарын 18-ны өдрийг бид “Цэргийн баяр” гэх ч угтаа нийтээр эрчүүдээ баярлуулах өдөр гэж ойлгодог. Гэвч начир дээрээ гэгчээр тулсан өдөр нь баярлуулах бус бэлэг нэрээр хордуулна. Худалдаа үйлчилгээний байгууллагууд нь хүртэл Цэргийн баярын өдөрт зориулж архи, пивоор багцалж гаргасан “Танк” багцаа гаргахыг нь яаана. Өмнө жилүүдэд эл үзэгдлийг байдаг л зүйл, магадгүй эрчүүдэд өөр юу ч өгөх билээ гэж битүүхэн тохуурхалтай хүлээж аваад, худалдан авалт хийдэг байсан. Харин энэ жилээс нийгмийн сэтгэхүй, иргэдийн үзэл бодол цэвэршиж, булингарт автахаа больсон нь сайшаалтай. Архи, тамхи, пиво боосон бэлгийг доромжлол хэмээн хүлээж авч буй нь нөгөөтэйгүүр сайны дохио гэлтэй.

Тэгвэл эрчүүдийн баяраар эрчүүдээ архи, пивоор аргалаар өнгөрөх биш арай дөнгүүр, эрхийнх нь тухай ярьдаг болмоор. Сарын цалин, саатах эрх чөлөөгөө эхнэртээ базуулсан тэдэнд эрх гэдэг үг хол сонсогдоно. Тиймдээ ч 100 эрэгтэй тутмын 70 нь эрхээ зөрчүүлдэг, хүчирхийлэлт өртдөг судалгаа хүртэл байх. Хүчирхийлэл гэдгийг шууд утгаар гэхээс илүү цаад агуулгаар нь харах гэж хичээцгээе!

Эрчүүд бол санхүүгийн ноён нуруу. Энэ нь тэдэнд хүсээгүй дарамтыг хүчилж олгосон нь нууц биш. Мэдээж өрх гэрийн тэргүүн, ноён нуруу гэдэг утгаараа санхүүгийн хувьд гэр бүлээ тэтгэн тэжээх үүрэгтэй. Гэвч энэ нь зөвхөн эр хүний үүрэг биш шүү дээ. Харилцан санхүүгийн дарамтыг эрх тэгш үүрч, тэдэнд хааяа ч болов чөлөөтэй амьсгаа авах боломж олгох нь зүйтэй мэт. Түүнчлэн сарын орлогоо бүгдийг эхнэртээ өгсөн эр хүн эргээд унааны мөнгө, хоолны мөнгөө гуйж яваа үзэгдэл ихэсчээ. Өдрийнхөө орлогыг ч мөн эхнэрийнхээ данс руу шууд тушааж, эхнэр рүүгээ утас цохин “Ханиа сая 5000 төгрөг орсон уу” хэмээх асуух эрчүүд олонтаа. Эмэгтэйчүүд стресстэх бухимдахаараа түүнийгээ шууд илэрхийлж, найз нөхөдтэйгөө уулзаж стрессээ тайлах бол эрчүүд илүү дотогшоо учир дэмий л дотроо хадгална.

Эрчүүдийн орон зай. Сагс тоглох, найзуудтайгаа хааяа гарч орж стрессээ тайлах нь гэр бүлтэй ихэнх эрчүүдийн хувьд тийм ч амар биш. Нийтлэг биш ч, эрчүүдийнхээ утсыг чагнаж, гарах орохыг нь цагддаг эмэгтэйчүүд мэр сэр ажиглагдана. Хууран мэхлэлтээс болоод эрхээ хасуулсан эрчүүдийн хувьд хувийн орон зай бүр ч асуудалтай. Гэхдээ тэдэндээ хааяа ч болов өөрийн орон зайдаа чөлөөтэй байх боломжоор хангах хэрэгтэй болжээ.

Зодох, биед нь халдах. Түгээмэл биш ч асуудал маргаан гарах бүрт нөхөртөө гар хүрч зоддог эмэгтэйчүүд олширсон нь олон мэдээллээс харагдана. Эр хүнийг стресс тайлах мишок мэтээр санаж, зодож, цохиж тайвширдаг бүсгүйчүүд ч цөөн байдаг. Энэ нь шууд утгаараа хүчирхийллийн нэг хэлбэр. Энэ мэт асуудлыг тоочоод дурдаад байвал дуусахгүй. Тэгвэл эрчүүдэд эрх гэж бий юу. Тэдний эрхийг хэрхэн хамгаалж, баярынх нь өдөр наргиад өнгөрөх биш ач холбогдолтой, ул суурьтай нь хандах вэ.

Эмэгтэйчүүдийн эрх, охидын эрх гэж ярьдаг шигээ Эрчүүдийн эрхийг, хөвгүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байцгаая.

Similar Posts

One Comment

  1. tanaih hvnii erh gej meddeg ymu nas barsan hvnii zurgiig niitleldee tawidagni ymar uchirtai ym ah dvvs bidend eldwii niitleld zurgiigni harah muuhai bna 😡😡😡

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *