Үндсэн хуулийн өөрчлөлт, спикерийн хэлсэн үгийн үнэ цэн

Төрийн тогтолцоо, системын гажуудлыг залруулах хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн түүхэн үйл явдал тохиолоо. Энэ түүхэн өөрчлөлт нь өчигдөр өрнөөд өнөөдөр болчихсон зүйл биш. Өнгөрөгч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бодит хөрсөн дээр цэцэглэн биеллээ олж байгааг дурдах хэрэгтэй гэдгийг чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс ямар ч салаа утгагүйгээр ил харагдана. Спикерын хэлсэн үгийг сонсож харсан хэн бүхэн чухам ямар учраас Үндсэн хууль өөрчлөв гэдгийг төвөггүйхэн ойлгоно.

Ямартай ч төр, нийгэм хэрхэн оршин тогтнохын үндэс болж байдаг Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ бол төр, нийгэмд томоохон өөрчлөлт авчирна. Монголчууд бид чөлөөт эдийн засагт нийгэмд шилжсэн цагаас хойш найман удаа сонгууль зохион байгуулахдаа гол төлөв мажоритари тогтолцоогоор 76 гишүүн сонгож, хоёрхон намд төрийн эрхийг ээлжилэн өгч ирсэн түмэн. Гэвч энэ тоо хэтэрхий цөөн байгааг найман удаагийн сонгууль бидэнд батлаад өгчихсөн. Цөөдөж байгаагийн учир нь хөгжиж буй шинэ тутам ардчилалтай орон гадны улс гүрнүүдийн анхааралд үргэлжийн байсаар ирсэн. Ингээд зогсохгүй сүүлийн жилүүдэд харийнхны бодлого парламентын түвшинд нүүрлэх болсон нь гишүүдийн тоо цөөдөж, их гүрнүүдийн бодлогод хэтэрхий автаж байгааг харуулсан хэрэг.

Тухайлбал, аливаа үндэсний эрх ашиг хөндсөн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд зургаахан гишүүн шийдвэрлэж, УИХ-д өргөн барьж байсан нь өдгөө түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн жишээ олон байгааг энд дурдаад яахав, гажуудсан ситемтэй нь хамт өнгөрсөн цагт үлдээе. Улс орны эрх ашигт харшлахуйц асуудал УИХ-ын 20 гаруйхан гишүүний шийдвэрээр босго давж, энэ нь үндэсний хэмжээнд хар толбо болж үлдсэн тухай цөөнгүй баримт дэлгэж болох ч үүнийг аанай л гажуудсан тогтолцоотой нь хамт орхиё. Монгол Улсад хэдийгээр ардчилал нь өсөн бойжиж байгаа ч парламентын ардчилал гэж бараг л байсангүй, хоёрхон нам төрийн эрх ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн нь парламентын ардчиллыг үгүйсгэж байсан тогтолцоо юм. Харин энэхүү хуулийн өөрчлөлт нь парламентад олон намын төлөөллийг бий болгох нөхцлийг бүрдүүллээ. Цаад агуулгаараа Монгол Улсын Их Хурал нь жинхэнэ ард түмний төлөөлөл байж чадах ийм тогтолцоо руу нэгэнт орчихлоо. Одоо 126 гишүүнээс бүрдсэн олон намын төлөөлөлтэй парламентын босгыг харийнхны бодлого давна гэж үгүй. Парламентад жинхэнэ ард түмний төлөөлөл бий болж, хяналт сайжирч байна гэсэн үг. Үүний тулд л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан УИХ-д талархах учиртай. Удаа дараагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг түүчээлэн ажилласан Г.Занданшатар даргад ч талархах ёстой. Одоо цоо шинэ тогтолцоон дээр бууриа засаж, шинэ гэрээ бариад, төр улсаа төвшитгөх сайн цаг ирлээ гэдгийг дахин дахин дуулгах хэрэгтэй.

Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт монголын нийгэмд том шилжилтийг авчирч байна” хэмээн цохон тэмдэглээд “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж,  хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна” хэмээн давхар хэлнэ лээ. Үнэхээр л хичээх үлдсэн. Спикерын хэлсэн үгэнд олон зүйл бий. Тухайлбал, тэрбээр “Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлт өнөөдөр үр дүнгээ өгч эхэлж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр батлагдсан. Сүүлийн үед олон сангуудын булхай  ил болж, олон жил бугшсан асуудлууд  сөхөгдөж, олны анхааралд орж байна. Цаашлаад  Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртэл олон өөрчлөлтүүд хэрэгжинэ. Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээж байна хэмээн ойлгож болно” гэдгийг цохон тэмдэглэсэн. Өнөөдрийн энэ өөрчлөлтийг дагалдаж гарах олон суурь хуулиуд шинэчлэгдэж цус сэлбэнэ гэхээр яах аргагүй тогтолцооны томоохон өөрчлөлт болж чадлаа гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлж байна. Монголчууд тогтолцооны шинэчлэлийн талаар байнга дурдаж шүүмжилж ирсэн ч Үндсэн хууль хэмээх их цааз бичигт тулж ирээд гацаж байв. Тэгвэл өнөөдөр энэ их цааз бичгийг өөрчилж чадснаар дээрх гацаа ариллаа.

Үүний тухайд ч УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх  суурь нь болох учиртай. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын  сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр  цогц өөрчлөлт болж чадна” гэж хэлнэ лээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо нь цоо шинэ нийгмийг бүтээнэ. Өнөөдрийн энэ түүхэн үйл явдал нь сайн цагийн эхлэл гэдгийг дуулгах хэрэгтэйг УИХ-ын даргын хэлсэн үгнээс тод харагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *