Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг.  Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд танилцууллаа.

“Буянт-Ухаа” дагуул хотыг Хан-Уул дүүрэгт, хуучин Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал орчим байгуулах аж. Уг дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч 3,919,7 га талбай, 120,449 иргэн, 37,640 орчим өрх суурьшиж, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ угсралт аэротек парк, мэдээлэл технологи, инновацын чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотыг суурьшлыг тэлэх, одоо байгаа дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр дэд бүтэц бий болох, цаашлаад эдийн засгийн тусгай бүсийг байгуулах замаар үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан онцоллоо.

Батлагдсан байршлуудад 148,323 айлын орон сууц  ашиглалтад оруулна

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Уг байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16,671 айлын орон сууц ашиглалтад орсон гэдгийг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд  Азийн хөгжлийн банкны  хөнгөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгал татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Иймд бүтээн байгуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд оруулах тогтоолын төслийг танилцуулж, НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.

Ажлын хэсгээс Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Хурлын үеэр Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг боловсруулж, НИТХ-аар батлуулна. Дараа нь Сангийн яамнаас үнэт цаас гаргах саналыг хянаж дүгнэлт гаргах бөгөөд  Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлэнэ. Асуудал дэмжигдсэн тохиолдолд Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох хуулийн зохицуулалттай. Зөвлөлийн хурлаар Нийслэл Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчинг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг санал дүгнэлтийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын  инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө болон бусад асуудлыг хороо, бүлгийн хурлаар хэлэлцэн, НИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *