Дэлхийд зартай оффшорчин С.Баярцогтын “нүгэл”-ийн талаар олон улсын хэвлэлүүд ингэж бичиж байлаа
Монголын нэрийг дэлхийд гаргасан алдар цуутай улс төрч бол Сангийн сайд асан С.Баярцогт. Монголын улс төрчид эрх мэдлээ хэрхэн урвуулан ашиглаж, мөнгө угааж, их хэмжээгээр нь нуун дарагдуулж чаддаг “онцгой авьяастай” гэдгийг тэр дэлхий дахинд батлан харуулсан.
Аль нэг улсад очоод “Манайд С.Баярцогт гэдэг улс төрч байсан” гэж ярьвал “Аан нөгөө оффшорчин хүн үү. Хэдэн жилийн ял авсан бэ” гэж асууж бидний нүүрийг улалзуулна. Хатуу хуультай орны иргэн “С.Баярцогт цаазлуулсан уу” ч гэж биднийг цочоож болзошгүй. Учир нь Монголоос өөр “цэвэр” шүүхтэй улс оронд С.Баярцогт наанадаж “шоронгийн хадаас” болж цаанадаж цаазаар авах ял сонсох хэмжээний их “нүгэл”-тэй гэдгийг Монголын ард түмэн төдийгүй дэлхий мэднэ.
Заримаас нь дурдвал, С.Баярцогт Рио Тинтотой хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар ажиллаж байхдаа “Айвенхоу майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг худалдан авч, хувьцаанаас олсон ашгаасаа 1.2 сая ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарийн Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас дотоодын банкны дансаар дамжуулан авч мөнгө угаасан нь тогтоогдсон.
үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн түүнд 10 жилийн ял оноож байлаа. Мөн 50 хувийг нь эхнэр нь эзэмшдэг компанийг Оюутолгойн ханган нийлүүлэгч болгоод зогсохгүй төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа өндөр үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй (таун хаус, орон сууц ) болсон ч эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй байдаг.
Тэгвэл 23 настайгаасаа улс төрд зүтгэж, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан С.Баярцогтын тухай олон улсын хэвлэлүүд хэрхэн бичиж байсныг эргэн нэг санацгаая. Учир нь С.Баярцогт Ардчилсан намаар “халхалвчлан” дахин улс төрд орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл ил болоод Монгол төдийгүй дэлхий дахинаа цочирдоод буй. Учир нь түүнд улс төрд ахин орж ирэх ямар ч нэр нүүр байхгүй. Шударга шүүхтэй улсад бол тэр торны цаана л байх ёстой хүн л дээ.
Нэгдүгээрт, УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэх мэдээлэл Их Британийн “The Guardian” сайтад 2013 оны дөрөвдүгээр сарын 03-нд гарч, шуугиан тарьж байв. Ийн 2013 оны хаврын чуулганаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь түүний оффшор данстай гэх мэдээлэлтэй холбоотой юм.
Хоёрдугаарт, 2016 оны тавдугаар сард дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтад С.Баярцогтыг оффшор данстай гэх мэдээлэл нь дэлгэгдсэн. Гуравдугаарт, Швейцарийн Дээд шүүх Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой 1.85 сая ам.доллар бүхий банкны дансыг битүүмжилсэн гэдгийг “Ройтерс” агентлаг 2018 оны гуравдугаар сард уламжлав. Ийн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд С.Баярцогтыг АТГ-аас шалгаж цагдан хорьсон билээ.
Дахин улс төрд орж ирж Монголыг “самрах” гэж буй С.Баярцогтын талаар олон улсын хэвлэлүүд ингэж мэдээлж байлаа. Тиймээс түүнд эрх мэдэл өгвөл Монголыг гэх улс орнуудын итгэл улам суларч, зээл тусламжаа цуцалж, дипломат харилцаанд сэв суух эрсдэл тун өндөр байгаа нь айдас дагуулсаар…..
Б.ОД