Өөх соруулах хагалгаа хийж залуу эмэгтэйн аминд хүрсэн ах дүүсийн гэм буруугийн шүүх хурал товлогдлоо

“Тод каннам” гэх эмнэлэг иргэнд өөх соруулах мэс ажилбар хийж, мэс заслын үеэр үйлчлүүлэгч нь амиа алдсан  хэрэг одоогийн 4.5 жилийн өмнө буюу  2019 оны гуравдугаар сард гарсан.

Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг  өнөөдөр /2023.09.05/   ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 9-р сарын 14-ний өдөр товлолоо.

Тухайн хэрэгт “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тодням,  Д.Тодномбат, н.Мөнгөнчимэг нарын 3 хүнийг яллагдагчаар татаад байгаа.

Тэднийг анх санамсар болгоомжгүй хүний аминд хүрсэн  үндэслэлээр буруутгаж байсныг  хохирогчийн  талаас эсэргүүцэж,   хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал гаргаснаар шүүх хурал нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан юм.

Тухайн хэргийн хохирогч нь айлын ганц охин,   нөхөр охины хамт амьдардаг байсан бөгөөд  хэргийн улмаас бага насны охин өнчирч, эцэг эх нь насан туршийн сэтгэлийн шаналал дунд амьдарч байна. Талийгаачийн аавын зүгээс шүүх хэргийн  шударгаар шийдэж,   тохирсон ял шийтгэлийг нь оногдуулахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

Эргэн сануулахад дээрх хэрэг гарсны дараа  НМХГ-ийн дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж байв. 

“Тод каннам” эмнэлэг анх 2009 онд “Гахайн аж ахуй”, “Гадаад худалдаа”, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр байгуулагджээ. Хуулийн гэрчилгээн дээрх нэр нь “ТОДББ” ХХК бөгөөд үйл ажиллагааны чиглэлээ 2013 онд гэнэт өөрчилж 2013.12.27-ны өдөр “Гоо сайхны мэс заслийн үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрлийг нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан аж.  Тус эмнэлгийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодням, Дашдэндэвийн Оюунцэцэг гэдэг гурван хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг.
Тэгвэл ах, дүүгийн хамтран байгуулсан “Тод каннам” эмнэлэг нь хуулийн байгууллагад дуудагдсаныхаа дараа нэрээ өөрчилж, зүсээ хувилган SM нэртэй төрөлжсөн гоо сайхны мэс заслын үйлчилгээ  үзүүлэх болсон бөгөөд  дээрх нэрээр ажиллаж байхдаа бас нэгэн залуугийн аминд хүрсэн юм.

Тодруулбал “SM медикал”  гоо сайхны мэс заслын төрөлжсөн  эмнэлэгт  эрэгтэйчүүдийн мэс засал,  хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан хэрэг  2021 оны 9-р сарын  4-ний өдөр гарсан. Хохирогч  3 хүүхэдтэй байсан бөгөөд гадаад улсаас 8-р сард хүүхдүүдээ авч явах зорилгоор эх орондоо ирсэн байжээ.

“SM” эмнэлэг хоёр мэс заслыг нэг дор хийснээс аминд нь хүрсэн гэж ар гэрийнхэн нь  үзэж байгаа аж. Тухайн өдөр хагалгаа 10:00 цагт эхэлсэн ч   үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрч 13:00 цагийн үед УНТЭ-т хүргэсэн ч 5 цагийн дараа амиа алдсан байна.

 С.ОТГОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *