“Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаа нэвтрүүлэхгүй”
Эрээн хотод суугаа консулын газраас өчигдөр /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргалаа. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрд хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
“БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна.” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.
НЭГ ХҮНИЙГ 30 КГ-ААС ДЭЭШ АЧААТАЙ ЭСЭХИЙГ ХИЛ ДЭЭР ХАТУУ ШАЛГАЖ БАЙНА
Хилээр зорчиж байгаа иргэдээс ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад, Эрээний хилээр өчигдөр гарахад нэг хүнийг 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлээгүй. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан. Тэр заалтын дагуу хилийн ажилчид хяналт, шаардлага тавьж байгаа гэсэн. Хүмүүс тус хуулийн заалтыг нь мэдэхгүйгээс зөрүүтэй ойлголцож, бухимдаж байна.
Нэг талаар тус заалтын дагуу хил нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ чухал. Ихэнх хүн ачааны хэмжээ заагаагүй гэж ойлгож овор хэмжээ их, 50 кг-аас дээш хэмжээтэй тээштэй гардаг. Харин өчигдрөөс заасан хэмжээнээс илүү тээшийг хил нэвтрүүлэхгүй хатуу шаардлага тавьж байна.
Ачаа тээшний хэмжээ хэт хэтэрснээс болж гаалийн рентген олон удаа эвдэрсэн бөгөөд хилийн зурвас болсон зузаан шилэн самбар нь ч хагарсан тохиолдолд гарсан гэдгийг зорчигчдод гаалийн байцаагч нар анхааруулжээ.
Иймд Эрээний хилээр зорчих гэж байгаа иргэд авч явах ачааны зориулалтын хэмжээнд тохируулж тээшээ бэлдэхийг Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулж байна.