“УБТЗ” ХНН Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмрээ оруулсаар байх болно

Энэ жил Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 75 жилийн ой болно. 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, суурин сүндэрлэн боссон түүхтэй.

Өнөөдөр ч улс орны хөгжилд УБТЗ-ын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна .Энэ нь тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаагаас харж болно. 2018 онд 25.8 сая тонн, 2019 онд 28.1 сая тонн, 2020 онд 30.0 сая тонн, 2021 онд 31.2 сая тонн, 2022 онд 27.7 сая тонн, 2023 онд 32,4 ачаа тээвэрлэсэн нь / 2022 онд ковид цар тахлын улмаас буурсныг эс тооцвол/ сүүлийн таван жил өссөн үзүүлэлттэй байна.

2023 онд Монгол Улсын тээврийн салбар бүх төрлийн тээврээр нийтдээ 105 сая тонн ачаа тээвэрлэсний 32,4 сая тонныг нь буюу 30,8 хувийг нь  “УБТЗ” ХНН  тээвэрлэсэн байна.

 Мөн Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад тус нийгэмлэг идэвхтэй оролцож, Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн 416,1 км төмөр замыг барихад чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр төмөр замууд нь Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгөх нь тодорхой юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тухайн аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмрийг жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг Монгол Улсын ТОП-100 аж ахуйн жагсаалт харуулдаг. Уг жагсаалтаас харвал “УБТЗ” ХНН 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10 дугаарт, 2019 онд 8 дугаарт, 2020 онд 6 дугаарт, 2021 онд 6 дугаарт, 2022 онд Монгол Улсын төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 3 дугаарт тус тус эрэмблэгдсэн нь Монгол Улсын хөгжилд тус нийгэмлэг ямар чухал үүрэгтэйг харуулж байна.

“УБТЗ” ХНН нь ашгийн төлөө аж ахуйн нэгж хэдий ч төрөөс ямарваа дэмжлэг, тусламж, татаас авалгүйгээр дулааны цахилгаан станцуудын нүүрс, нефтийн болон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг ачаа тээврийг нийгмийн хариуцлагынхаа дагуу хямд үнээр тээвэрлэдэг нь үнийн өсөлт, инфляцийг тогтворжуулахад эерэг үр дүнгээ үзүүлж байдаг юм.

Улс орны нэн чухал стратегийн түүхий эд болох нефтийн бүтээгдэхүүнийг 2023 онд ОХУ-аас 1,95 сая тонныг импортоор хүлээн авч тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 25 хувиар, БНХАУ-аас 109,326 тонн нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авсан нь өмнөх оноос 40 хувиар тус тус өссөн байна.

“УБТЗ” ХНН зөвхөн 2023 онд дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврээс 14.3 тэрбум төгрөг, импортын нефтийн бүтээгдэхүүний тээврээс 3.2 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүний тээврээс 3.5 тэрбум төгрөгийн алдагдлыг тус тус хүлээсэн байна.

Гэсэн ч “УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагынхаа дагуу эдгээр тээврийг 24 цагийн турш тасралтгүй найдвартай тээвэрлэх үүргээ хэзээ ч ямар ч үед тасалдуулж байсан удаа байхгүй юм.

УБТЗ-ын нийгмийн хариуцлагыг тодорхойлж байдаг өөр нэг үзүүлэлт бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтантай бөгөөд дэлхий дахиныг хамарсан ковид цар тахлын хүнд үед ч нэг ч ажилтнаа ажлаас халж орон тоогоо цөөлөөгүй.

16 мянган ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд нийгмийн бүхий л салбарыг авч явдаг. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, худалдаа, нийтийн хоол, барилга орон сууц, амралт, спорт, соёл урлаг гээд нийгмийн олон салбарыг санхүүжүүлж, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийддэг. Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд зэрэг олон хот сууринд байдаг УБТЗ-ын харъяа 27 цэцэрлэгт л гэхэд 4500 гаруй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

“УБТЗ” ХНН нь нийгмийн салбарын байгууллагууддаа жилдээ дунджаар 30 гаруй тэрбум төгрөгний татаасыг олгодог нь тэдгээр байгууллагуудын нийт зардлын 40 гаруй хувь болж байна.

Цаашдаа өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэмжээ, тус нийгэмлэгийн төмөр замын салбарт эзэлж байгаа байр суурь, өрсөлдөх чадвар зэргээс нь харахад Монгол Улсын нийгэм,эдийн засагт чухал үүрэгтэй байх нь харагдаж байна. 2023 онд төмөр замаар нийтдээ 37 сая тонн орчим ачаа тээвэрлэсний 32,4 сая тонныг нь УБТЗ тээвэрлэж, үлдсэн 3 сая гаруй тонн ачааг нь үндэсний шинэ төмөр замууд тээвэрлэснээс харахад “УБТЗ” ХНН төмөр замын салбартаа ойрын жилүүдэд монополь байр сууриа хэвээр хадгалах нь харагдаж  байна. Мөн тус нийгэмлэгийн эзэмшлийн Ази-Европыг холбосон гол зам болон ОХУ, БНХАУ-ын хилийн боомтуудтай холбогдсон стратегийн өндөр ач холбогдолтой хилийн боомтын төмөр замуудаар Монгол Улсын экспорт импорт, орон нутгийн болон олон улсын транзит ачаа тээвэрлэгдэж байгаа нь “УБТЗ” ХНН-ийн ач холбогдлыг тодорхойлж байгаа юм.

Нийгмийн хариуцлагатай ачаа тээвэр 30 гаруй хувийг эзэлдэг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *