Р.СЭДДОРЖ: Бүсчилсэн хөгжлийг ярьснаар олон жил яригдсан усны төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэж байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар Бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж; Говийн бүсийн 4 аймгийн хувьд цаг агаарын байдал, аж амьдрал, зовлон бэрхшээл нэгтэй юм. Говийн бүс нутагт хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүчийг зөв төлөвлөх хэрэгтэй. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд Хэрлэн , Орхон төслүүдийг ярилаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл амжилттай хэрэгжиж чадаагүй байна. Одоо байгаа уул уурхайн үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй, бохирдуулахгүйгээр, говийн бүс нутгаа авч үлдэх бодит шаардлага тулгарч байна.
5000 жил сэргээгдэх гүний усыг ариглан хэмнэж, хамгаалж үлдээх нь нэн чухал байна. Говийн бүсийн 4 аймаг нийлж усны хангамжаа шийдэх, ногоон бүсийг бий болгох, 15км тутам усаа гаргадаг байхаар төсөл бидэнд байна. Бүсчилсэн хөгжлийг ярьснаар олон жил яригдсан усны төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Нар, салхи сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй газар учир түүнийгээ хөгжүүлэх, бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна.
Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг цаашид дэмжиж Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж буй зэс, нүүрс, алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нийгмийн хариуцлага, байгаль орчны хариуцлагатай болгож ард иргэддээ ээлттэй уул уурхайг дэмжье.