УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар,  дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн  тухай итгэлдээ онцолж байв.Тэрбээр, дэлхийн олон туйлтай болж, дараагийн 100 жил хатуу, зөөлний сөргөлдөөний жил болж байна. Гадаад нөхцөл байдал дайн байлдаан, зөрчилдөөн тэмцэлтэй байгаа нөхцөлд манай улс дотоод байдлаа онцгой анхаарах ёстой. Манайд тэгш бус байдал гүнзгийрч, ядуурал, авлигын төвшин буурахгүй байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын засаглалаа бэхжүүлж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд парламент нээлттэй, ард түмнээ төлөөлдөг, хүртээмжтэй, хариуцлагатай, үр нөлөөтэй байх таван шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхийг зорьсон гээд парламентын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “D parliament”-ийг танилцууллаа.

Тэрбээр цааш нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн биелэлтийг хангахын тулд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хяналт,  шалгалтын хороо байгуулах эрх зүйн үндэсийг тавьсан. Өмнө нь УИХ хянан шалгах үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Өөрөөр хэлбэл, УИХ хууль хяналтын байгууллагын эрх мэдэлд халдаж болзошгүй учраас зөвхөн  хууль баталдаг байгууллага гэж ойлгож ирсэн. Гэвч парламентаас ард түмэн асар их зүйлийг хүлээдэг  учраас хяналт,  шалгалтын тэнцвэрийг хангах  ардчиллын суурь зарчмыг буй болгосон. Ингэснээр ард түмний мэдэх эрхийг хангах, хариуцлага, шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлэхэд томоохон алхмыг хийж чадсан гэх зэргээр бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа товч дүгнэн танилцуулсан юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, цэгцрэх хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Төр алдаагаа ойлгож, засч эхэлсэн учраас улс орон хөгжих нь ойлгомжтой.  Иймээс энэ жил шинэ эргэлтийн жил болно. Үүний тулд ирэх хаврын  чуулганаар баялгийн болон газрын реформыг хэрэгжүүлж, Монгол хүн баялагтаа эзэн байх боломжийг бүрлүүлнэ гэв.  Түүний  дараа өнөөдрийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх тоо баримтыг танилцуулснаар илтгэлээ өндөрлөсөн юм.

Илтгэлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асуулаа. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Эрдэнэт хотыг аймаг болгон өөрчилж, засаг захиргааны хувьд оновчгүй байгаа учраас ард иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлтэй хүрч байна. Эрдэнэт хэзээ эргээд хотын статустай болгох тухай, газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлэх хуулийн заалтын  талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүсээд  Монгол Улсад стратегийн чанартай орд газруудын өгөөжийг ард түмэнд хэрхэн тэгш хүртээх зэрэг асуултуудыг асууж байлаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар, эдгээр асуултад хариуллаа.

Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгуудын төвийг хот болгох бүх шийдлийг хийсэн. Улсын болон орон нутгийн чанартай хот байх агуулгаар өөрчилсөн байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хөгжлийн олон төвийг байгуулж, хот болгон нэрлэх боломж бий. Улс төрийн тодорхой шалтгаанаар энэ заалт хэрэгжихэд садаа тээг болсон.  Гэхдээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хот болон өөрчлөгдөх боломжтой. Монгол Улсад албан ёсоор тодорхойлогдсон 10 гаруй стратегийн орд газар бий. Мөн 715 ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч, 1765 ашигт малтмалын олборлолтын лиценз эзэмшигч байна. Өнгөрсөн хугацааны эмх замбараагүй газар олголт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийг  тойрсон иргэдийн гомдол мэдээлэл, баримтад тулгуурлан хяналт шалгалт хийх үндсэн болон дэд Ажлын хэсгүүдийг байгуулсан. Улмаар УИХ-ын Хяналт шалгалтын Түр хороо байгуулж,  “нүүрсний” “Хөгжлийн банкны” хэргүүдээс дутахааргүй баримт, нотолгоотой сонсгол зохион байгуулж,  ард түмний мэдэх эрхийг хангана. Эдгээр асуудлыг шийдсний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлах цогц асуудалд шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *