Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.04.17) хаалаа. Түр хороо Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллалаа.
Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцсон юм. Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.
Энэ гурав хоногийн дотор асуудлыг сунжруулалгүй логик дараалалтайгаар цэгцтэй хэлэлцэх үүднээс шахуу ажиллалаа хэмээн сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн дурдаад, энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Монгол Улсын Засийн газрын явуулж байгаа 5Ш ажиллагааны үргэлжлэл боллоо хэмээн онцолсон юм. Тэрбээр, бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын төлөө ажилласан хэмээгээд сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн сонсголд оролцсон, зохион байгуулсан, дүгнэлт, тайлан гаргаж ажилласан, олон нийтэд мэдээлж, өөр өөрсдийн сувгаар дамжуулсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлээд, бид өнөөдөр Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж, ард иргэд маань өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын эхлэлийг тавьж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо гэсэн юм.
Эмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр хяналт, зохицуулалт, бодлого байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу аалзны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ. Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал хэмээн тэрбээр мэдэгдээд, энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалмаа өмнө нь гаргаж байсан аудитын дүгнэлтүүдтэй Түр хорооны шинжээчдийн дүгнэлтүүд нийцэж байгааг тэмдэглэж, эм хангамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого гаргах цаг болжээ гээд, Авилгатай тэмцэх газарт үүргээ биелүүлж, хуулиа хэрэгжүүлэхийг зөвлөв. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хийхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарах шаардлагатай байна гээд, эмийн нэгдсэн платформ бий болгох, монополийг задлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авах болсныг онцолсон юм. Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулаад, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж, хөлдүү эмээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нь шударга бус явдал болохыг тэрбээр цохож, энэ бүхэн дээр арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн юм.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын гол цөм нь хүний хөгжил бөгөөд үүний гол цөм нь эрүүл мэндийн асуудал хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Батлут дурдаад, эрүүл мэндийн асуудалд нөлөөлөх гол зүйл нь эм атал энэ салбарын хил, гаалийн хяналт, тоног төхөөрөмж, лаборатори, төрийн байгууллага бүгд гүнзгий “цус ойртолтод” орчихсон байгааг бид энэ гурван өдөр харлаа гэв. Тэрбээр, улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орчихсон энэ салбарынхан монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг болсон байна гээд, хэнийг, хаана аваачиж томилох вэ гэдгээ тодорхойлоод гаргачихдаг, албан тушаалыг нь зориуд бэлддэг нөхцөл байдал харагдаж байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн цоорхойг чагталж хаах, цаашлаад бий болсон нөхцөл байдлыг засаж залруулахад анхаарч ажиллахгүй бол болохгүй болжээ гэсэн юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг хүний оролцооноос ангид байлгах үүднээс хиймэл оюун ухаан ашиглах, мөн зах зээлээ судлах талаар төрийн байгууллагууд ажиллаж таг харанхуй байдлаа арилгах шаардлагатай зэрэг олон дүгнэлтийг тэрбээр хэллээ.
Түр хороо энэхүү хяналт шалгалтын ажлаараа эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлыг бүрэн дүүрэн илрүүлэн тавьж чадаагүй байж болох ч гол асуудлуудыг гогодон гаргаж чадсан гэж Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир дүгнэсэн юм. Иргэд, олон нийт энэ гурван хоногийн сонсголоос эрүүл мэндийн, тэр дундаа эм хангамжийн салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг бага ч атугай авсан бол манай Түр хорооны зорилго биелэгдлээ гэж ойлгож байна хэмээн тэрбээр дурдаад, бид эрүүл мэндийн салбарынхныг, үе үеийн сайд, дэд сайд нар, албан тушаалтнуудыг харлуулах гэсэнгүй, Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлын төлөө хэлж ярьж, дуугарч байгаа юм гэсэн юм. Нээлттэй сонсголоор яригдсан асуудал бүрээр цаашид Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд шат шатандаа, өөр өөрсдийн чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр дурдаж, Түр хорооноос Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт маш нарийн төлөвлөгөөтэй үүрэг, чиглэлүүдийг өгнө гэв. Салбарыг эрүүлжүүлэх цогц ажлуудыг үе шаттай, дэс дараатайгаар тодорхой хугацаанд хийж, ашиг сонирхлыг зөрчил, хамаарлыг арилгаж, шударга өрсөлдөөнийг бий болгож байж эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэ гурав хоногийн сонсголоор яригдсан зүйлсийн дотор хууль, хяналтын байгууллагууд цаашид эрүүгийн чиглэлээр шалгах олон сэжүүр, кэйсүүд гарсныг анхаарахгүй өнгөрч болохгүй гэлээ