Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан, Мэдээллийн технологи, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
УИХ-ын гишүүдийн зүгээс олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтийн гэрээ байгуулахын ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Хэлэлцүүлгийн явцад оролцогчдын зүгээс гэрлэлт цуцлалтаас үүдэлтэй хүүхдийн эрхийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаан дахь эрх, цус ойртолтоос сэргийлэх зорилгоор хүүхдийг зөвхөн эцгийн нэрээр овоглох асуудлыг хуульд нарийвчлан тусгуулах зэрэг тодорхой саналыг хэлэв.