Газар олголт, ашиглалтын байдлыг хянан шалгах ажлын хэсэг байгуулагдлаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1 буюу “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” заалтыг хүчингүй болгох хуулийн төсөлд санал авахаар УИХ-аас Засгийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутгийн хэмжээнд газар олголт болон ашиглалттай холбоотой хууль бус асуудлууд, авлига, хээл хахуулийн сүлжээг цогцоор нь хянан шалгах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Тус ажлын хэсэг нь:
Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газар олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, төсөвтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж нээлттэй сонсгол хийх,
Бүх иргэнд газрыг тэгш хүртээмжтэй өмчлүүлэх бололцоог бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүрэг хүлээж ажиллана.
Ажлын хэсгийг холбогдох байнгын хорооны дарга, сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хяналт шалгалтын ажилд ард иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэхээс гадна их өгөгдлийн датаг ашиглах тул Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдлоо.