126 гишүүнтэй анхны парламентын шинэ дэг
Үндсэн хуулийн дагуу 126 гишүүнтэй байгуулж буй анхны парламентын анхдугаар чуулган өнөөдөр болж байна. 126 гишүүнтэй болж, бүрэлдэхүүнээ өргөссөн парламент өнөөдрөөс шинэ дэгээр хуралдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бүлэг, байнгын хороодын бүрэлдэхүүний тоо, үг хэлэх хугацаа зэрэгт өөрчлөлт оруулан, УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилсэн юм. Эдгээр хуульд оруулсан онцлох шинэчлэлийг танилцуулъя.
10-аас доошгүй гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулна
Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Харин 10-аас доошгүй гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй. Мөн чуулганы хуралдаан 64-өөс дээш гишүүний ирцтэй эхлэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх юм.
Нэг байнгын хороонд 2-оос олон сайд ажиллахгүй
Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж буй УИХ 11 Байнгын хороотой байна. Тодруулбал,
- Аж үйлдвэржилтийн бодлогын;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын;
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
- Ёс зүй, дэгийн;
- Инновац, цахим бодлогын;
- Нийгмийн бодлогын;
- Төрийн байгуулалтын;
- Төсвийн;
- Хууль зүйн;
- Эдийн засгийн байнгын хороотой байна.
Харин Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмж 25 хүртэл гишүүнтэй байхаар тусгасан ч нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд ажиллах заалт оруулжээ. Үүнээс гадна Байнгын хороон дахь Засгийн газрын нөлөө багасах хэд хэдэн зохицуулалтыг хуульд тусгасан. Тодруулбал, хуулийн төсөлд “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана. “Давхар дээл”-тэй сайд нар эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд орохгүй. Нэг Байнгын хороонд хоёроос их сайд ажиллахгүй. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй” зэрэг агуулга бүхий зохицуулалтыг тусгасан юм.
Үг хэлэх хязгаар
УИХ-ын чуулганаар хуулийн төсөл хэлэлцэх нийт хугацааг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тогтооно. Ингэхдээ УИХ-д авсан суудлын тоог харгалзан нам, эвслийн бүлэг, сул гишүүдэд үг хэлэх хугацааг хуваарилах юм. Өөрөөр хэлбэл, олон суудал авсан нам нь үг хэлж, асуулт асуух их хугацаа авах бол цөөн суудалтай бүлэг, бие даагчид бага минут ногдоно.
Харин тухайн намын бүлэгт ногдсон хугацаанд бүлгээ төлөөлөн үг хэлэх гишүүдийн нэрсийг чуулганы хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ. Тэгэхээр хуулийн төслийн талаар үг хэлэх гишүүнээ намын бүлгүүд дотроо өөрсдөө сонгоно гэсэн үг. Бие даагчид ч мөн адил үг хэлэх эсэхээ хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө мэдэгдэнэ. Улмаар УИХ-ын дарга чуулганд бүртгүүлсэн ирцийн дарааллаар асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх юм. Хариулт өгөх гишүүд 4 минутын хязгаартай. Үүнийг 2 удаа 1 минутаар сунгах боломжтой.
Харин чуулганы хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Улсын төсвийн төсөл, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэлийг хэлэлцэхэд гишүүн бүр асуулт асууж, үг хэлэх эрхтэй.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн асуулт асуух хугацаа 3 минут бөгөөд нэмэлт 1 минут, тодруулга 1 минут сунгаж болно.
Бүлгүүд мэтгэлцэнэ
Дэгийн хуульд орсон нэг шинэчлэл нь хуулийн төслийн мэтгэлцээн. Нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалттай.
Мэтгэлцээнд илтгэх гишүүнийг тухайн нам, эвслийн бүлэг томилох бөгөөд илтгэгч гишүүн мэтгэлцэх шаардлага, үндэслэлээ 10 минутад багтаан танилцуулж, нам, эвслийн бүлгийн байр суурийг илтгэнэ. Мэтгэлцээнд гишүүд, хууль санаачлагчаас гадна тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулж болно.
Хуралдаан даргалагч мэтгэлцээний үргэлжлэх хугацааг тухайн хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслийн цар хүрээнээс хамаарч 2 цагаас илүүгүй байхаар тогтооно. Гишүүдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, хууль санаачлагч болон илтгэгч гишүүнээс асуулт асуух боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар мэтгэлцээнийг 1 хүртэлх цагаар сунгаж болно. Мэтгэлцээн дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжлэх юм.
Хугацаандаа хэлэлцэж амжаагүй төслийг буцаана
Хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын Тамгын газрынхан зөрчилтэй заалт бий эсэх, бусад хууль тогтоомжтой нийцэж буй эсэх зэргээр хянадаг болж байгаа. Улмаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгажээ.
Үүнээс гадна парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгасан юм.