Усархаг борооны улмаас Сүхбаатар, Өмнөговийн нутагт айлын гэр, хашаа усанд автжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цас, усархаг борооны улмаас Сүхбаатар, Өмнөговь аймагт айлын гэр, хашаа усанд автсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ. Тухайлбал:
- Есдүгээр сарын 28-ны өдрийн 10:17 цагаас 13:20 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын 1, 2, 5, 7 дугаар багт айлын гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай нийт зургаан дуудлагыг 29-ний 07:23 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, “Дөрвөлж” ОНТӨҮГ-ын ажилтнууд хамтран нэг аж ахуйн нэгж, нэг өрхийн байшин, дөрвөн орон сууцны зоорийн давхар тус тус усанд автсан байсныг 9 цаг 5 минут ажиллан 1800 тонн усыг соруулж, аюулгүй болгосон.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг(Тавантолгой) Сийрт, Цагаан-Овоо, Билгэх багийн нутагт 28-ны өдрийн 18:00 цагаас эхлэн орсон борооны улмаас айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай нийт 20 дуудлагыг 09.29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан хаагчид хамтран 17 айлын хашаа, 3 аж ахуй нэгж, байгууллага усанд автсан байсныг 11 цаг 24 минут ажиллаж усыг соруулж, аюулгүй болгосон.
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багт 09.28-ны өдрөөс 09.29-ний өдөр шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 29-ний 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж 16 дугаар гудамжинд тогтсон 400 тонн усыг 4 цаг 26 минут ажиллан соруулж, аюулгүй болгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.