С.Наранцогт: Хуримтлалын сан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зориулагдана

“Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг урьж ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024 онд амжуулсан онцлох ажлууд юу байсан бэ?

– Юуны өмнө, төрийн өмчит компанийн хувьд олон улсад яригддаг засаглал, үр ашиг, үйлвэрлэл, санхүү гээд үндсэн зүйлсээ цэгцэллээ. Үүний зэрэгцээ бид юуны төлөө оршин тогтнож, юу хийж, хаана очих вэ гэдэг стратегиа боловсруулж, уул уурхайн салбартаа, бүрэлдэхүүн компани, бодлогын яам, хувьцаа эзэмшигч буюу Засгийн газрын түвшинд, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч ЗГХЭГ, экпертүүдтэй нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдэг их том ажил байсан. Тиймээс энэ 2024 он бол тэр бүхнийг хэрэгжүүлэх, үр дүнг нь гаргах жил болж байна.

Хоёрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024.04.19-нд батлууллаа. Би техникийн Ажлын хэсгийг, ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан үндсэн Ажлын хэсгийг ахалсан. Уг хуулийг баталснаараа цаад агуулгаараа байгалийн баялгийг төрийн өмчит компани олборлож, ашиглаж байгаа тул олон нийтийн эрх ашгийг хамгаалах, төрийн бодлого шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг биелүүлэх эрх зүйн үндэс бүрэлдэж байгаа юм. Үүгээрээ төрийн өмчит компани онцлогтой.

Хувийн хэвшлийн компаниуд бол ашгийн түвшинг хамгийн өндөр байлгах гол зорилготой байдаг бол бидний хувьд, мэдээж аж ахуйн үйл ажиллагаа тул үр ашгаа нэмэгдүүлэх зорилт байгаа ч олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгаас олох үр ашгийн дийлэнх нь нийт ард иргэдэд ногдоно, үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг хуулиар бий болгоно гэсэн агуулгыг хэрэгжүүлж буй хэлбэр нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм.

Энэ хуулиар 3 сан байгаа. “Ирээдүйн өв сан” нь өөрийн гэсэн хуулийн зохицуулалтай учир 2030 он хүртэл хөндөхгүй. Харин ард иргэдэд зориулж иргэн бүрийн нэр дээр нэрийн данс нээж, хуримтлалтай болгохын тулд “Хуримтлалын сан” гэсэн цоо шинэ ойлголтыг оруулж ирсэн. Энэ сангийн орлогыг “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрдүүлнэ. Нэгдлийн харъяа компаниудын төрийн эзэмшлийн ногдол ашгийн 34%-ийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлэхээр хуульчилсан нь хамгийн чухал заалт юм. “Хуримтлалын сан”-гийн орлого тогтвортой байхын тулд компаниудын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Тиймээс яг энэ агуулгаар нэгдлийн эрх зүйн үндэс баталгаажиж байна.

Гуравт, төрийн чиг үүргийн дагуу дунд хугацаанд засаглал, үйл ажиллагаа, үйлдвэрлэл, мөн хувийн хэвшил, нийт ард иргэдэд үнэ цэн бий болгох аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний үндэс суурийг тавих, үйлдвэрлэл технологийн паркуудын дэд бүтцүүдийг бий болгох гэх мэт нэлээд хөрөнгө оруулалт шаардсан ажлуудыг хийхээр үндсэн концепцдоо тодорхойлсон. Энэ бүхнийг энэ 2024 оноос хэрэгжүүлээд явж байна.

-Таны ярианаас лавшруулаад асууя. Төрийн өмчит компаниуд үр ашиггүй байгаадаа шүүмжлүүлдэг. Гэтэл та үр ашиг чухал биш гэлээ. Тэгэхээр төрийн өмчит компани сайн ажиллаж байгааг бид хэрхэн ойлгож, юугаар хэмжих вэ?

-Тэгэж хатуу ойлгох хэрэггүй. Тухайн жилд гарах зардал, орох орлогын зөрүүгээр ашгийг тодорхойлдог. Ингэж үзвэл тэрхүү үзүүлэлтэд манипуляц хийж болно. Улс орны эрх ашиг, ард иргэдийн ирээдүйд, дунд болон урт хугацаанд үр өгөөж өгөхөд чиглэж, тэгсэн атлаа энэ жилийнхээ ашигт ажиллагааг бууруулах зардал гаргана гэсэн санаа. Аж үйлдвэрийн дэд бүтцэд хувийн хэвшил хөрөнгө оруулахгүй шүү дээ.

Тиймээс “Эрдэнэс монгол” зөвхөн өөрийн үйлдвэрийн хэрэгцээг хангах биш, аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн дэд бүтцийг хийх гэж байна шүү дээ. Энэ нь бидний хувьд богино хугацааны ашгийг бууруулна. Харин урт хугацаандаа нийт ард иргэд, хувийн хэвшилд үр өгөөжтэй зардал юм. Зөвхөн өнөөдөр, энэ жилийн санхүүгийн цэвэр ашгийг өндөр байлгах нь бидний гол зорилт биш. Нийт эрх ашгийн төлөө ажиллах нь бидний үндсэн чиг үүрэг юм.

Нөгөө талаас нь тайлбарлавал, баялгийг сорчилж олборлоод, экспортолсноороо уул уурхайн компаниудын ашиг өндөр гардаг зүйл зарим хувийн хэвшилд анзаарагдаж байгаа. Дэд бүтцэд хөрөнгө оруулалтууд хийх нь хувийн хэвшилд үр ашиггүй. Харин бид баялгийг бүрэн дүүрэн ашиглах, нийт үр өгөөжийг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зорилго, үйл ажллагаагаа чиглүүлж байгаа. Манай эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд энэ бүхэн агуулагдаж, туссан байгаа.

-Төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж Та онцолж байна. Шинэ Засгийн газрын үйл ажиллагаатай та бүхний стратеги хэрхэн уялдаж байгаа вэ?

-2024 оны хагас жилээр үйлдвэрлэл 100%, санхүүгийн үзүүлэлт 110% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үр дүнг сайн гэж дүгнэж болно. Шинэ Засгийн газар байгуулагдаж, улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн ч гэсэн нэгдлийн хувьд залгамж чанар хадгалагдаж байгаа. Манай талаар баримтлах Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт ороогүй. ЭЗХЯ, АҮЭБЯ зэрэг оролцогч талуудад бодлого стратеги, үйл ажиллагаагаа танилцуулахад зөв чиглэлд явж байна гэж дэмжсэн. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн жагсаалтад манай 6 ҮТП-ийн бүтээн байгуулалт орсон. Энэ юуг харуулж байна вэ гэвэл өмнөх Засгийн газрын үед хийсэн дунд хугацааны стратеги төлөвлөгөө маань намуудын мөрийн хөтөлбөртэй уялдсан байна. Тиймээс бид их зөв талаас нь бодож хийж ээ гэж ойлгож байгаа. Түүнээс биш нэг намын мөрийн хөтөлбөрт ч юм уу тулгуурлаж хийсэн бол одоо ингэж нийцэхгүй байсан.

Нийт Монгол Улсын, ард иргэдийн, салбарын эрх ашгийг төрийн өмчит компанийн байр сууринаас тодорхойлж чадсан учраас манай стратеги дэмжлэг авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Стратеги маань нэг талаасаа бизнесийн өсөлт дэвшлээ хангах, нөгөө талаас Монгол Улсын төрийн бодлогын хэрэгжилттэй нийцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал бидний үйл ажиллагааг сайшааж, илүү цогц болгохоор 4 арга хэмжээг онцолж зарласан. Байгалийн баялгийн эзэн нь ард иргэд тул төрийн өмчит компанийн бүх үйл ажиллагааг шилэн нээлттэй болгож, худалдан авалт, борлуулалтын гэрээ хэлцэл, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг цахимжуулахаар төлөвлөсөн. Мөн аж үйлдвэрийн зөөлөн дэд бүтэц буюу хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол эко систем бүтнээрээ бий болохгүй. Ингэснээр аж үйлдвэрийн парк бодитоор амилах бололцоо бүрдэнэ. Үүний үр ашгийг бодитоор хүртэх боломж нь Үндэсний баялгийн сан юм. Тиймээс баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд хэд хэдэн стратегийн бүтээн байгуулалт дээр онцгой анхаарахаар Засгийн газар ажиллаж байна.

 Эх сурвалж: Эрдэнэс монгол 

-“Эрдэнэс монгол” хэзээнээс л төслүүдээ танилцуулж хөрөнгө оруулалт татахыг оролдож ирсэн. Одоо ч мөн адил. Та гүйцэтгэх удирдлагаар ажилласнаараа хөрөнгө оруулалт татах боломжийг нь яаж сайжруулсан бэ?

-Үе үеийн Засгийн газар, удирдлагууд компанийн үнэ цэн, нэр хүндийг нэмэх гэж оролдож байсан байх. Ямар ч төсөл, бизнест оролцогч талуудтай ойлголцох гэдэг зүйл хамгийн чухал. Тэгэж байж тогтвортой явдаг. Тэгэхээр бидний оролцогч талуудтай тохирсон замын зураг бол нэлээд цогц юм. Нарийн ярьвал, бид ганц нэг төсөл барьж гүйгээгүй. Харин концепц ярьж байгаа. Тухайлбал, ҮТП-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан төлөвлөгөө, тухайлсан төслүүд гэж бий. Концепцийн дагуу ҮТП-ийн гишүүн болж, төслөө хэрэгжүүлье гэдэг хүсэлтийг хувийн хэвшил тавьж байна. Ингэхээр арай өөр сонсогдож байгаа биз.

Бидний үндсэн зорилго бол нийтийн эрх ашгийг хангах учраас хамгийн үр ашигтай төслийг хэрэгжүүлнэ гэхгүй. Хувийн хэвшил хийхэд хүндрэлтэй буюу шууд үр ашиг өндөр биш, дээрээс нь Монгол Улсынхаа баялагт нэмүү өртөг шингээх буюу шуудхан хэлэхэд аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг үйлдвэрлэх, түүнийг дагалдах дэд бүтцүүдийг бий болгох ажлуудыг хийгээд зогсоно. Түүнээс биш богино хугацааны ашгийн төлөө уралдаж, хувийн хэвшилтэй өрсөлдөөгүй шүү дээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэгч талаасаа асуудалд хандаж гаргасан концепц юм. Би өөрөө төрд ажиллаж, төрийн бодлогыг тодорхойлоход оролцож явсан хүний хувьд өөрийн туршлагын үндсэн дээр энэ концепцийг бүрдүүлж байгааг үгүйсгэхгүй.

Хэрэв бизнесийн салбараас ирсэн бол магадгүй өнөөдрийн, богино хугацааны ашгийг хэд байлгах уу гэдэгт илүү төвлөрөх байсан болов уу. Богино хугацааны ашгийн төлөө хөөцөлдбөл төрийн өмчит компани байх ямар ч хэрэггүй биз дээ. Хувийн хэвшил түүнийг хийгээд л байна шүү дээ. Тиймээс ч төрийн өмчит компани яагаад байгаа вэ гэдэг итгэл үнэмшлийн ялгаа нь энэ юм.

Энэ ч үүднээс “Эрдэнэс монгол”-ын үйл ажиллагаа тухайлан ярьдаг төслөөс өөр байгаа юм. Бидний ярьж байгаа концепц өөрөө хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна шүү дээ. Мэдээж үндсэн дэд бүтцээ татахад хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт татах шаардлага гарч байгаа юу гэвэл тийм. Үүнийг бид хамгийн зөв, харилцан ашигтай хувилбараар хийгээд явна. Тиймээс цаашдаа ҮТП-ийн нарийвчилсан төлөвлөгөөнд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэхээр байна. Одооноос мэдрэгдэж эхэлж байна.

Харин гаднын хөрөнгө оруулалтыг тодорхой стратегийн төслүүд дээр татна гэсэн бодолтой байгаа. Монгол Улсын бодит байдал бол явж явж уул уурхайн түүхий эдээ л экспортолж байгаа шүү дээ. Бид 7-8 тэрбум ам.долларын экспорт хийж байхад манай гадаад валютын албан нөөц (ГВАН) 6 сарын хэрэглээг хангахуйц байсан. Гэтэл одоо экспорт 15 тэрбум ам.долларт хүрсэн ч нөгөө ГВАН маань 6 сар байтугай 2 сарын л импортыг хангахаар байгаа нь эрүүл бус үзэгдэл юм. Яагаад Монгол Улсын ГВАН төдийлэн нэмэгдэхгүй байна вэ!

Бидний ҮТП гэх үндсэн концепц зарим хүнд улиг домог мэт сонсогдож болох ч цаад агуулгаараа Монгол Улсын төлбөрийн тэнцэл, валютын нөөц, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө юм. Жишээ нь, бид төмрийн хүдрээ шороо чигээр нь маш хямдаар тээвэр ложистикийн хүндрэлийг туулж экспортолдог. Буцаагаад хэд нугалсан үнээр, хадаас, эрэг шургийг хүртэл валютаар авч байна шүү дээ. Энэ бүхэн манай эдийн засгийг шүүрэн шанага шиг болгож, суурь сайтай өрсөлдөх чадварыг бий болгож чадахгүй байна. Тиймээс явж явж бид Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө л энэ концепцийг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс монгол”-ын гол зорилго бол тодорхой төслөөс богино хугацаанд их хэмжээний ашиг олох тухай ойлголт биш юм.

-Таныг ажил авах үед зарим уул уурхайн ТӨҮГ-ыг ТӨБЗГ-ын харъяанаас гаргаж, “Эрдэнэс монгол” нэгдэлд шилжүүлсэн. Тэр үед уул уурхайн салбарт төрийн өмчит компани хэтэрхий данхайж, оролцоо нь нэмэгдэж байгааг шүүмжилж, одоо ч гэсэн үргэлжилж байна. Уул уурхайн салбарт үндэсний хувийн хэвшлийн компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид, төрийн өмчит компанийн оролцоо ямар байх нь зохистой ёстой юм бэ, зааг ялгаа гэж байх ёстой юу?

-Хоёр талтай. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эрдэс баялаг, өөрөөр хэлбэл, хүний гараар бүтээгдээгүй бурхнаас ард олонд заяагдсан баялгийг олборлож, эргэлтэд оруулах үйл ажиллагаа тул эдийн засгийн бусад салбараас маш их ялгаатай. Зарим оронд энэ салбартаа хувийн хэвшлийг ч оруулдаггүй. Үүнд сайн ч тал бий, муу ч тал бий. Тиймээс хамгийн зөв балансыг олох нь л чухал.

Ний нуугүй хэлэхэд, төрийн өмчит компани Монгол орны эрдэс баялгийн багахан хувийг эзэмшдэг. Ихэнх баялаг хүмүүсийн хүсээд байгаа хувийн секторт оччихсон. АМНАТ бол уул уурхайн салбарын гол татвар. Үүний талаас дээш хувийг манай харъяа компаниуд бүрдүүлдэг. Бидний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг болсон ГВАН-ийн 70%, экспортын 30%-ийг манай нэгдэл бүрдүүлж байна шүү дээ. Энэ хэдхэн тоо байгалийн баялаг төрийн хяналтад байх нь ямар чухал ач холбогдолтойг харуулж байгаа болов уу.

Тэгэхээр төрийн өмчит компаниуд нэгт, нэгдсэн стратеги, удирдлага, зорилттой явах нь улс орны язгуур эрх ашигт нийцнэ. Тэгэхгүй бол дур дураараа, тал тал тийш харсан гүйцэтгэх захирлуудтай явж ирснээрээ язгуур эрх ашигт нийцэж байсан уу гэвэл хэцүү шүү дээ. Тийм учраас нэгдсэн удирдлагад оруулж, төрийн өмчит компанийн бодлого явуулж байгааг зөв гэж би харж байна.

Үүнээс гадна бид хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай огт яриагүй. Нийт ард иргэд, улс орны язгуур эрх ашиг, аж үйлдвэрийн хөгжлийн үндсийг тавихад бодлого стратегиа тодорхойлоод явж байна. Ингэж ажиллах нь ч угаасаа зөв. Түүнээс биш өөр маягаар ажиллавал буруудах байх л даа.

Харьцааны хувьд би зохистой гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоо цаг үед бол “Эрдэнэс монгол”-ын тавьсан зорилго, хэрэгжүүлж байгаа бодлого зөв гэж л хэлнэ.

-ҮБС-ийн хуулийг дагалдан Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд, түүний үүсмэл ордод төр 34%-50%-ийг эзэмших зохицуулалт орсон нь хувийн хэвшлийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулж байгаа?

-Манайд нэг онцлог бий. 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордыг тодорхойлж, түүний талаар Үндсэн хуульд 2019 онд тусгасан. УИХ 2007 онд стратегийн ордын жагсаалтыг баталсан боловч түүнээс хойш хэрэгжүүлээгүй. Уул уурхай бол хүнс үйлдвэрлэл, ресторан үйлчилгээ, хувцас оёхоос огт өөр шүү дээ.

Байгалийн баялаг, тэр дундаа стратегийн орд буюу их хэмжээний баялгийн тухай яригдаж байна. Энэ их хэмжээний баялгийн үр өгөөжийг ард иргэд заавал хүртэх ёстой гэдэг нь “Хуримтлалын сан”, Үндэсний баялгийн сангийн хуулийн гол агуулга. Нийт ард түмэнд хүртээх тухай ярьж байгаа тул стратегийн ордыг дангаараа нэг хуулийн этгээд эзэмшиж болохгүй гэсэн үг.

Тиймээс “Эрдэнэс монгол”-оор дамжуулж 34%-ийг бүгдийг нь ард иргэдэд өгнө гэсэн үг. Энэ нь маш өлзийтэй бөгөөд тэдний хувьд хийх ёстой зүйл. Шуналтай хүмүүс л үүнийг хийхгүй гэж байгаа байх. Энэ бол ёс суртахууны асуудал шүү дээ.

-Би таныг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ “Хуримтлалын сан”-гийн орлогыг бүрдүүлэх, ҮБС-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүссэн, хүсээгүй стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэнтэй ойлголцох шаардлагатай болно. Эсвэл УИХ-ын 27 дугаар тогтоол шиг нэр төдий хууль байх юм уу?

-Хуулийн дор амьдарч байгаа тул хуулийг хэрэгжүүлэх үүргийг иргэн бүр, бүх аж ахуй эрхлэгч дагаж мөрдөх ёстой. Цөөхөн стратегийн орд байгаа шүү дээ. Монгол хүний сэтгэхүйд бурхнаас заяасан баялаг гэж буудаг стратегийн ордуудыг ганц нэг гэр бүл, хуулийн этгээд дангаараа ашиглаад ард иргэдээсээ хэт их ялгарал бий болгох нь өөрсдөд нь ч маш том эрсдэл дагуулж байгаа юм. Цаг хугацаа өнгөрч, ялгарал ихсэх тусам дургүйцэх хүмүүс ихсээд байгаа нь мэдрэгдээд байна шүү дээ. Энэ нь даамжирч, цаашаа ямар үр дагаварт хүргэхийг үгүйсгэхгүй. Ард иргэдийн энэ сэтгэхүйг үгүйсгэх аргагүй. Тийм учраас нийт төслийн тогтвортой байдлаа бодсон ч эздээс нь гар татаад хэрэггүй дээ л гэж байна.

Энд хөрөнгө оруулалтыг дээрэмдэх тухай огт яриагүй. Харин байгалийн баялгийг ашиглахдаа ард иргэддээ, улс орны язгуур эрх ашиг, ирээдүйн хөгжлийг бодолцъё л гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид яг энэ схемээр явсаар байгаад баялгаа дуусвал энэ улс орон, бидний үр хүүхэд юу болох вэ. Бид нэгэнт ажиллаж л байгаа бол ирээдүй хойч, үр хүүхдэдийнхээ төлөө шийдвэр гаргах ёстой. Энэ сайхан баялгаа богино хугацаанд их ашиг олж, импортын тансаг хэрэглээнд зараад дуусахдаа биш ирээдүйд орлого бий болгох зүйлдээ оруулж байж л хөгжинө шүү дээ. Төрийн өмчийн компаниудын зөв тогтолцоог бий болгож байж л энэ хэрэгжих боломжтой. Ард иргэдэд хуваарилдаг механизмыг хууль эрх зүйн хүрээнд бий болгох гээд яваад байна шүү дээ. Шуудхан хэлэхэд, өнөөдрийн санхүүгийн ашиг бодож байгаа хувийн хэвшлийнхэн бол хэзээ ч үүнийг хийхгүй шүү дээ.

-Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртлээ олон хувилбараар яригдсан. “Хуримтлалын сан”-гийн концепцийг хэн, хаанаас гаргасан бэ?

-Санаа нь Ерөнхий сайдаас гарсан. Өмнө нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Сингапурын орон сууцны асуудлаа шийдсэн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ярьсан. Тиймээс бид хуулийн төсөлдөө “Хуримтлалын сан”-гийн концепцийг оруулж ирсэн бөгөөд орлого нь ногдол ашгаараа бүрдсэн нь дээр гэж тохирсон. Ялангуяа, энэ орлогыг орон сууцны санхүүжилтэд түлхүү өгөхөөр ярьж байна. Монгол Улс гэр хорооллоосоо салбал олон асуудал шийдэгдэнэ. Сингапур ч гэсэн загасчны гол дагасан бохироосоо орон сууцны тусламжтай л салсан. Тиймээс ч бид 2024 онд “Хуримтлалын сан”-д төвлөрүүлсэн эхний 500 тэрбум төгрөгийн орлогыг ипотекийн санхүүжилтэд зориулсан. Цаашдаа мөн иргэдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулагдана. Эцсийн дүндээ орон байртай, эрүүл, боловсролтой хүн байвал бүх юм болно гэж үзсэн. Ер нь ч тийм шүү дээ.

-“Хөгжлийн сан”-гийн эх үүсвэр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан нөхцөлд бүрдэнэ. Та улсын төсвийг боловсруулж явсан хүний хувьд “Хөгжлийн сан”-гийн орлого бүрдэх боломж хэр зэрэг байгаа гэж харж байна вэ?

-ҮБС-ийн сангуудийн орлогын эх үүсвэр юу байх вэ, АМНАТ-аа тэгшитгэж хуваах уу гээд олон хувилбараар явсан. Эцсийн дүндээ бүгдэд таалагдах хувилбар гарахгүй ч бас санаа нэгдсэн нь энэ юм. Төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйн тулд “Тогтворжуулалтын сан”-г оролдохгүйгээр, төсвийн илүү гарсан хэсгийг “Хөгжлийн сан”-д төвлөрүүлэх дээр талууд санал нэгдсэн юм. Том том санхүүжилтүүд 2024 оны төсвийн тодотголоор л тавигдлаа. Өмнө нь хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг улсын төсөв дээр хэзээ ч тавьж чаддаггүй байсан. Гадаадын зээл тусламжаар л хэрэгжүүлдэг, зарцуулалтаа хязгаарлах гэх мэт бэрхшээл бий.

Тиймээс том төслүүдээ санхүүжүүлэх механизмыг уул уурхайн орлогоос бий болгоё гэдэг анхны концепц байсан. Харин хөшүүрэг нь төсвийн сахилга батаа сайжруулж, төсөв ашигтай гарснаар нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой том төслүүд хэрэгжинэ гэсэн агуулгаар “Хөгжлийн сан”-гийн орлогыг тооцоолсон.

“Хөгжлийн сан”-гаас санхүүжүүлэх төслүүд дандаа бизнесийн үр ашигтай, эргээд мөнгө олдог байх ёстой гэсэн хүмүүсийн ойлголт бий. Харин төрийн хэрэгжүүлж байгаа бодлого заавал бизнесийн үр өгөөжтэй байх албагүй. Ард иргэд, улс орны гээд нийтийн эрх ашиг дунд хугацаанд хэрхэн хангагдах нь л нэгдүгээрт шүү дээ. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох ирээдүйн төлөө л зарцуулж байна. Түүнээс биш бүгдийг зоосны нүхээр харвал ёстой л зэрлэг капитализм болно шүү дээ.

-“Хөгжлийн сан”-гийн орлогоор “Эрдэнэс монгол”-ын төслүүдийг санхүүжүүлэх үү. Мөн улсын төсвөөс санхүүждэг төслүүдээс ямар ялгаатай төслүүдийг санхүүжүүлэх вэ?-“Эрдэнэс монгол”-ын төслүүдийг санхүүжүүлэхгүй. Үүнийг ялгаад өгсөн. Эцсийн дүндээ ард иргэдийн эрүүл аюулгүй орчныг бий болгох, хойч ирээдүйн хөгжлийг бий болгох дэд бүтцийг болгоно гэсэн нэг л агуулгад зангидагдаж байгаа. Төр энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөө ч, уул уурхайн орлогоо ч зарцуулна. Бодит байдал дээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд л нийгмийн дэд бүтэцдээ л улсын төсвийг хүргэдэг байснаас хөгжлийн төслүүдээ санхүүжүүлж чаддаггүй байсан. Тиймээс “Хөгжлийн сан”-г улсын урт, дунд хугацааны нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх механизм болгосон.

-Аж үйлдвэрийн зөөлөн дэд бүтцийг бий болгоход 10-аад хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулж, шинээр батлах юм байна. Энэ хууль эрх зүйн орчны өөрчлөлийг хийхэд хувийн хэвшилтэй хэр зэрэг түншилж, санал бодлыг нь тусгаж байгаа вэ?

-Засгийн газар, салбарын сайд нарын түвшинд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг дагасан Ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөлөл, салбарын экспертүүд орж, санаа бодлоо тусгана. Хоёрт, хууль тогтоомжийн тухай хуулиар оролцогч талууд, эрх ашиг нь хөндөгдөх хэсэгтэй хэлэлцүүлэг хийгээд явна.

Улаанбаатараас 300-400 км-т байгаа уурхайг түшиглээд бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд төсөөлөөд үз дээ. Энэ тохиолдолд зам, тог, ус дэд бүтцээ бариад, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, зах зээлийн үнээр борлуулна гэхээр ямар ч төслийн ашиг хасах гарна шүү дээ. Тиймээс л ийм эрсдэл үүсэж чадахгүй байгаа юм. Хоёрт, 36 боловсруулах үйлдвэр АМНАТ-аас болоод татан буугдсан гэгдэж байна. Аж үйлдвэр хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэл өндөртэй, татварын орчин үүнийг нь илүү сайн тооцож, амьдралтай бодолцох зүйлс бий.

ТӨК ч яг л адил хууль эрх зүйн орчинд байгаа шүү дээ. Харин ч их татвар төлж, илүү ачаа үүрч байгаа. Ачаандаа дарагдаад удахгүйн тулд л 10-аад хууль журмаар өөрчлөлт хийх гээд байна шүү дээ. ҮТП байгуулна гээд яриад байгаа боловч яг хууль дээр эрх зүйн таатай орчин биш бүр саад болох зүйлс ч байгаа юм.

Аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг үйлдвэрлэдэг болоод ирэнгүүт араа шүд гээд бусад гинжин хэлхээг нь бий болгох бодитой үйлдвэрлэл явагддаг юм байна. Ингэж өөрсдөө хийж байж л хүний бүтээлч сэтгэхүй хөгжиж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хийж, өөрөө өөрсдийнхөө замаар асуудлыг шийдвэрлэдэг болно.

-Ирэх онд “Эрдэнэс Монгол”-д ямар төрлийн ажил илүү өрнөлтэй явах вэ?

-Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх ЗГХЭГ-ын даргын зарласан реформ хийгдэж, 2024 оныг үргэлжлүүлж, стратеги үр дүнгийн жил болгож явна. Бас нэг зорилт нь 2023 онд манай нэгдлийн компаниуд түүхэн амжилт үзүүлсэн. Зах зээлийн үнийн сэргэлт гэх мэт олон зүйл нөлөөлсөн ч гэсэн энэхүү амжилтыг тогтвортой хадгалах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс нөгөө талдаа ирээдүйд бизнесийн өсөлтөө хангах, нөгөө талаасаа бизнесийн өсөлтөө нийт улс орны хөгжилд хувь нэмэртэй зарцуулалт болохыг эрмэлзэнэ. Үүнийгээ мөрдлөг болгож ажиллана. Шинэ юм руу гэхээс илүү зорьсон цэг рүүгээ л явна.

-Тантай нэгэнт ярилцсаных цаг үеийн сэдвийг хөндөхгүй өнгөрч болохгүй нь. “Орано майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ ямар түвшинд явж байгаа вэ. Гэрээний нөхцөлүүд дээр талууд тохирох үйл явц хэр зэрэг ахицтай байгаа вэ?

-Одоогоор хэлэлцээний явц 50-иас дээш хувьтай байна. Хөрөнгө оруулагч талын гэрээний нооргийг манай 6 яамны сайдууд ахлаад дэд ажлын хэсэг байгуулсан. Тэрхүү ажлын хэсэгт эксперт, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл гээд 90 гаруй хүн ажилласан. Энэ дэд ажлын хэсгийн гишүүд гэрээний ноорогт өөрчлөлт оруулахаар 213 санал гаргаж, хөрөнгө оруулагч талтай тохиролцоод явж байгаа. Энэ бол механик статистик юм.

Гэтэл зарчмын буюу нэлээн суурь агуулгын 10 орчим асуудал дээр 2 тал сайн ярилцах хэрэгтэй байна. Тухайлбал, ирээдүйн дүр зургаа харвал, өсөн нэмэгдэх АМНАТ-ын нөхцөлөөр манай тал нэлээд их мөнгө авах дүр зурагтай байгаа. Гэтэл нөгөө тал үүнд инфляц тооцох санал гаргаж ирэх жишээний хэлэлцээг явуулж л байна. Тогтворжуулалтын хувьд бид өмнөх мега төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүйн тулд олон улсын байдал, нийгэм, байгаль орчин гээд олон зүйл хувьсаж өөрчлөгдөж байгааг харгалзан үзэж, аль болох тогтворжуулахгүй байх байр сууриа хадгалж байгаа. Ялангуяа, байгаль орчинтой холбоотой ямар ч татвар хураамж, зүйл заалтыг тогтворжуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа.

Гэхдээ манай улсад аж үйлдвэр хөгжөөгүй учраас яг энэ талын эрх зүйн зохицуулалт сул байна. Яваандаа хууль эрх зүйн зохицуулалт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Тиймээс тэр цагт орчныг нь тогтворжуулсан байж болохгүй л гэдэг зарчмын байр суурьтай байна. Нөгөө тал бол ямар нэг байдлаар тогтворжуулалт хэрэгтэй л гэдэг зүйлийг ярьж байгаа. Ойрын хугацаанд ойлголцож, хөрөнгө оруулалтын гэрээгээ яаравчилъя гэдэг дээр хоёр тал санал нэгдээд байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *