|

Байгаль орчны салбарт нүүрлэсэн төсвийн хулгай

2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа томилогдон ажиллаж буй билээ. Сайд С.Одонтуяа 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар №10/02 тоотоор “Дотоод аудит хийх ажлын удирдамж” батлажээ. Тус удирдамжаар байгуулагдсан шалгалтын Ажлын хэсэг яамны харъяа байгууллага болох Усны газар болон Туул голын сав газрын захиргааны 2023, 2024 оны эхний хагас жилийн байдлаарх төсөв, санхүүгийн баримтууд, байгууллагын А, Б тушаал, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж буй эсэхэд холбогдох хяналт шалгалтыг хийсэн байна.

Туул голын сав газрын захиргаанд хийсэн шалгалтаар үндэслэлгүй тушаал шийдвэр боловсруулан гаргаж, төсвийн хөрөнгө буюу тухайн байгууллагын цалингийн санг бүлэглэн тоносон, байгууллагын машин техникийг эвдсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрчээ.

Мөн Авлигатай тэмцэх газраас хянадаг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахгүйгээр Албаны даргын албан тушаалд хүн томилсон зөрчил ч илэрсэн байна. Эдгээр хууль бус үйлдлүүдэд тус байгууллагад олон жил ажиллаж байгаа ажилтнууд болон Ерөнхий нягтлан бодогч оролцсон байна.

Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд олон жил ажилласан зарим төрийн албан хаагчид дээрх хууль бус үйлдлүүдийг нь өөгшүүлж хамгаалдаг учраас илрэхгүй өдийг хүрсэн байж болзошгүй байна.

Бид тус асуудлыг эрэн сурвалжилж ямар албан тушаалтан дээрх хууль бус үйлдлүүдийг яагаад нуун дарагдуулж байсан талаар эргэн мэдээлэх болно!

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *