Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаар дүүргийн ирэх оны төсвийг баталлаа
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 14 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хуралдаанаар, Улаан загалмайн хороо, Хамтарсан багийн санхүүжилт, хохирогчийг хамгаалах “Цагаан шонхор” ТББ-ын санхүүжилтийг нэмэгдүүлэн баталлаа. Ингэснээр хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, энэ талын соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарын бүрэлдэхүүнд 7 эмэгтэй төлөөлөгч иргэдээ төлөөлөн ажиллахаар сонгогдсон. Тэдгээр төлөөлөгч нар эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулан ажиллахаар боллоо. Ингэснээр хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг хэсэгт дүүрэг, орон нутгийн бодлого хүрэх боломж бүрдэнэ хэмээн харж байна.
Нийслэлийн 4 дүүргийн 60 жилийн ой ирэх 2025 онд тохиож буйн нэг нь Баянзүрх дүүрэг. Тэр ч утгаараа ирэх онд олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийнэ гэдгийг хуралдаанаар онцоллоо. Ингэснээр зөвхөн төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн тал бүрийн дэмжлэгээр иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллана гэдгийг дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан онцолсон.
Хурлын дарга Ч.Мэндсайхан хуралдааныг хааж хэлсэн үгэндээ энэ удаагийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх оны төсвийг баталсан нь Засгийн газрын хэмжээнд хэрэгжиж буй хот, хөдөөгийн бүсчилсэн хөгжил, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “20 минутын хот” хөтөлбөртэй Баянзүрх дүүрэг хөл нийлүүлэн хөгжих боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.