Монголын эмэгтэй улс төрчдийн имиж & ДЭЛХИЙН ТУСГАЛ
Имиж гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн цогц утгыг илэрхийлдэг гэхээр дан ганц урлаг соёл, загварын ертөнцийнхөнд л хамаарах ойлголт биш юм. Эгэл жирийн иргэн, инстаграмын од, олны танил эрхмүүд гээд хэн бүхэнд өөрийн гэсэн имиж байдаг. Ялангуяа нийт массд хүлээн зөвшөөрөгдөж, тодорхой тооны дэмжигчдээр хүрээлүүлж байж оршин тогтнодог улс төрийн тавцанд имиж салшгүй чухал үүрэгтэй. Тиймээс ч олон түмэнд таалагдахын тулд өөрийн онцлог давуу талаа таниулахаар “улс төрийн имиж” бүрдүүлэлт хийх нь нэгэнт дэлхийн жишиг болсон арга ухаан. Тэгвэл манай Монголын улс төрчид, тэр дундаа эмэгтэй лидерүүд маань дэлхийн улс төрийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн хэн гэдэг эмэгтэй манлайлагчтай царай төрхийн хувьд, стиль имижийн хувьд, улс төрийн үзэл баримтлалын хувьд ижил төстэй вэ?
- Санжаасүрэнгийн Оюун & Ангела Меркел
Үзэл баримтлал: Замналын хувьд улс төрийн гавьяаныхаа амралтад гарсан лидерүүд. Улс төрийн үзэл баримтлалын хувьд Ангела Меркел улс төрийн чиг баримжаа баруун төвийнх, эдийн засгийн хувьд либерал үзэл баримтлалтай. Харин УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга асан С.Оюуны хувьд ногоон либерал.
Мэргэжил, боловсрол:
С.Оюун 1987 онд БНСЧСУ-ын Карлын Их сургууль Геохимич мэргэжлээр, 1996 онд Англи улсын Кембрижийн их сургуулийн аспирантур тус тус төгссөн. Эрдмийн зэрэг, цол Байгалийн ухааны доктор.
Харин Ангела Меркелийн хувьд Лейпцигийн их сургуулийг 1973-1978 оны хооронд физикийн чиглэлээр сурч төгссөн. 1986 онд квант химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Тэдний адил төстэй нэг тал нь бага насаа социалист нийгэмд үдсэн.
Замнал: 1990 оноос эхтэй өөрчлөлт шинэчлэл, коммунист дэглэмийн задрал энэ хоёр бүсгүй улс төрд хөл тавих хөшүүргэ болсон. Германыг тусгаарласан хана хийгээд тогтолцоо нурсантай холбоотойгоор Меркелийн ажиллаж байсан ШУА татан буулгагдаж улмаар Меркель Зүүн Германы Шинэ ардчилсан намд элсч, улс төрд эргэлт буцалтгүй орсон юм. Харин Монголд 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын толгойд нь С.Оюуны төрсөн ах С.Зориг явсан юм. Харин 1998 онд С.Зориг амь насаа алдсанаар С.Оюун их улс төрд хөл тавьсан.
Имиж: С.Оюуны ээжийн цус, европ төрх, тайрмал үс, таних тэмдэг нь болсон тод өнгийн хүзүүний алчуур, зүүлт, хослолын өнгө загвар зэрэг нь яалт ч үгүй Ангела Меркелийг санагдуулна.
Ү.ГЭРСЭНЗ