|

Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа “Тавантолгойн түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

– “Тавантолгой түлш” компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу?

– Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв гольдролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа.

-Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ?

-Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна.

-За ойлголоо…

-Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автомажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна.

-Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу?

-Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсарын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биздээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автомажсан үйлдвэр барихаар төлөвлөж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг.

-Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү?

-Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцлөөрөө автомажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй илүү автомажсан, бүтээмж өндөртэй, бага зардлаар ажиллах үйлдвэр босох ёстой байсан юм билээ. Харамсалтай нь чадаагүй.

-Баруун үйлдвэр гэснээс тэр үйлдвэрийн чинь хүчин чадал, ажиллах нөхцөл, байгаль орчин, иргэдэд үзүүлэх хор нөлөө байнга шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэзээ сайжрах вэ?

-Шүүмжлэл бол бодитой. Баруун үйлдвэрийг яагаад зогсооно гэхээр нэгдүгээрт хотын баруун захад, 22 товчооны урд иргэдийн суурьшлын бүсэд байрлаж байгаа. Тэр хавийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс шаардлага тавьж байгаа. Орчин үеийн автомажсан үйлдвэр биш учраас ажлын байрны нөхцөл хүнд. Маш их тоосжилттой. Орчны бохирдол үүсгээд байгаа юм. Тийм учраас баруун үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнийг байнга тавьдаг.

-Тэгээд баруун үйлдвэрийг зогсооход зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын хэрэглээг хангаж дийлэх үү?

-Зүүн үйлдвэр нь тийм хэмжээний хүчин чадалтай биш болчихсон. Тийм болохоор баруун үйлдвэрээ хааж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл бид баруун үйлдвэрийнхээ ачааллыг бага зэрэг бууруулсан. Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэх, ачааллыг нэмэх чиглэлээр голлон анхаарч ажилласан.

-Ер нь тэгээд сайжруулсан түлшний үйлдвэрүүд дээр юу нь болохгүй, доголдоод таныг авчирч тавьсан юм бэ. Та тэгээд ямар ажлууд амжуулав, юу шийдэв?

-Цаг алдалгүй хийх ёстой, зайлшгүй шийдэх ажлууд гарч ирсэн. Эрчим хүчний нүүрсийг Энержи ресурсийн уурхайгаас нааш нь зөөхдөө өнгөрсөн хугацаанд үргэлж автомашинаар тээвэрлэсэн. Өмнөговь, Дундговийг дамжсан ганц засмал замыг үндсэндээ манайхан сүйдэлсэн шүү дээ. Энэ бол орон нутгийн иргэдийн зүгээс маш их гомдол санал дагуулсан, байгаль орчинд халтай байсан. Тэгээд өнгөрсөн онд Засгийн газраас, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраар автотээврийг төмөр зам руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам хамтраад энэ асуудлыг шийдэхээр үзэж тарсан. Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа. Одоо нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд вагоны тоог нэмэгдүүлэх, вагон ашиглалтыг сайжруулах ажлууд байна.

-Төмөр замын тээвэр амаргүй байгаа биз дээ. Бөөн асуудал дагуулсан газар. Гэхдээ ямарч байсан төмөр замаар тээвэрлэдэг болсон юм байна?

-Мэдээж амаргүй. 250 вагоноор тасралтгүй явж байгаа. Нэг вагоны эргэлтийн хугацаа 12-13 хоног, нэг явалтандаа 50 вагон. Энэ хугацаа жаахан урт байгаа нь нөгөө зүтгүүрийн, бас төмөр замын ачаалалтай холбоотой. Гэхдээ болгоод л байгаа. Ирэх жил ч болно гэж тооцож төлөвлөж байгаа. Энэ бол “Тавантолгой түлш” компанийн хувьд том шат ахисан, дэвшилттэй ажил болсон.

-Зүүн үйлдвэр чинь усны асуудлаа шийдээгүй байж баригдчихсан гэж үнэн үү, мэргэжлийн хүний яриа, шүүмжлэл яваад байсан?

-Цаг хугацааны хувьд шахагдсан байх, усны судалгаагүй баригдсан байна лээ. Ингээд өнгөрсөн жил усны судалгаагаа хийсэн. Үйлдвэр өнөөдөр яг ажиллаж байгаа газраас нь ус олборлох боломжгүй болсон учраас Налайхын аж үйлдвэрийн паркаас шугам татсан. Нийтдээ 6,5 км-ээс шугам татаж ус хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн.

-Эхэнд хэлсэн нөгөө зайлшгүй, цаг хугацаа алдаж болохгүй гэж дээрээс үүрэгдсэн том ажлуудын чинь нэг нь байв уу?

-Том ажлаа урагшлуулах, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бид “Онцгой горим”-д шилжиж ажилласан. Нэг сарын хугацаатай өдөр шөнөгүй хариуцлагатай жижүүр гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Ямар ч байсан энэ ажлын ард гарлаа, хийж хэрэгжүүллээ. Ер нь бол зүүн үйлдвэрт цаашид анхны ТЭЗҮ-ээр төлөвлөгдөсөн 600 мян тонн гэсэн хүчин чадалд нь хүргэж чадахгүй юмаа гэхэд ойрын хугацаанд 300-350 мянган тоннын хүчин чадалд хүргэхийн төлөө ажиллаж байна. Тэгж чадвал ачаалал нэлээн сайн хөнгөрнө.

Зүүн үйлдвэр өнөөдөр ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ?

-Ойролцоогоор 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хэмжээнд, зарим үед үүндээ хүрэхтэй, үгүйтэй. Тасралтгүй ажиллаж чадвал шүү дээ. Нийт ачааллынхаа 1/3-т л байгаа гэсэн үг. Ер нь бол тогтмол 200 мянган тонны хүчин чадалтай явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бол байгаа. Ингэхийн тулд техник, технологийг илүү сайжруулах хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Өнөөдөр төлөвлөөд ажиллаж байгаагаар бол ирэх 10 дугаар сарын 1 гэхэд зүүн үйлдвэрийн 3 дугаар цехээ ажилд оруулах зорилготой. Энэ цехийн хүчин чадлыг цагт 50 мян тоннд хүрэх төхөөрөмжөөр тоноглож чадах юм бол зүүн үйлдвэр нь нийслэлийн нийт хэрэглээний 50 хувийг нийлүүлчих боломжтой гэсэн үг. Энэ бол 550 мян тонн шахмал түлш үйлдвэрлэхээс тал нь буюу 300 мянган тонныг үйлдвэрлэхийг хэлж байгаа юм.

-Анх бол гайхамшигтай хүчин чадалтай, мундаг үйлдвэр байгуулагдлаа гэж нийгэмд мэдээлж байсныг хүн бүхэн мэднэ. Тэгсэн усныхаа асуудлыг ч шийдээгүй байсан юм уу?

-Усны асуудал, төмөр замын асуудлуудыг гүйцэд шийдээгүй байсан юм билээ. Ер нь бол эхлүүлсэн ажлууд байсан. Геофизикийн аппаратны дохиоллоор дороо жаахан цэвдэг мэдэрснийг ус гэж шууд ойлгосон уу, ойлгуулсан юм уу, сайн мэдэхгүй. Өрөмдлөг хийж усны нөөцөө албан ёсоор тогтоогоогүй байж. Иймэрхүү асуудлууд байдаг. Өнгөрсөн жил ямарч байсан зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замтай болгох, устай болгох ажлууд хийгдэж, асуудлуудыг шийдлээ.

-Эдгээр ажлууд хийгдсэнээр хүчин чадлыг хэдэн хувиар сайжирч байна гэж үзэх вэ?

-Тавь орчим хувьтай гэж ойлгож болно байх. Бас нэг ажил ундарсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрийн үндсэн хоёр цех нь хатаагчгүй байсан. Тийм учраас чийгтэй түлш гардаг. Тэр нь нэлээн шүүмжлэл дагуулсан.

-“Сайжруулсан түлш бутарч, үйрээд, чийгтэй байна” гэж хэл ам болоод байсан сэдэв мөн үү?

-Тэр л дээ, үндсэндээ хатаагч төхөөрөмж нь байхгүй байсан учраас нүүрс чийгтэй гараад, тэр нь хөлдөөд, айлд орохоороо буцаж гэсээд бутраад байсан юм. Гэхдээ огт хатаагчгүй байсан гэж хэлэхэд бас хэцүү. Технологийн сонголт буруу байсан юм билээ. Энгийнээр хэлэхэд уураар хатаадаг хатаагч ашигласан. Уур чинь өөрөө чийг шүү дээ. Монголын нөхцөлд өвлийн цагт уураар, чийгээр хатаана гэдэг боломжгүй. Халуун агаараар л хатаадаг технологи ашиглах ёстой байсан. Тэгсэн халуун агаараар биш халуун уураар хатаадаг технологийг сонгосон байсан. Үүнийг технологийн сонголтын алдаа байжээ гэж яриад байгаа юм.

-Тэгээд энэ асуудлыг шийдсэн үү?

-Шийдэхээр ажилалгүй яахав. Өнгөрсөн намар, өвөл Засгийн газрын түвшинд хөдөлж байж хэвтээ хатаагч гэж халуун агаараар хатаадаг гурван төхөөрөмжийг оруулж ирж суурилуулсан. Уг нь бол урьд жил нь захиалсан юм билээ. Тэгсэн тэр компани нь нэг бүтэлгүй юм таарч он дамнуулаад цаг хугацаа алдчихгүй юу. Тэгээд өнгөрсөн зун намар Засгийн газар, Гадаад харилцааны яам, Консул гээд бүгдээрээ хөдөлж байж оруулж ирсэн. Өвлийн их хүйтний өмнө амжиж гурван хатаагчийг угсарч ажилд оруулсан. Үүний хүчинд энэ жил өмнөх шигээ үйрдэг бутардаг хэл ам гайгүй болсон. Цаашдаа хатаагч төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага байгаа. Хоёрдугаарт, нэг том асуудлыг ярих ёстой юм. Ямарч автомажуулалтгүй үйлдвэр барьсныг одоо автомат тохиргоотой үйлдвэр болгох ёстой. Ажлын байрны нөхцөл сайжирна. Нүүрстэй л ажиллаж байгаа, нүүрсийг хольж найруулж байгаа ажил учраас тоосжилт маш их. Тэгэхээр энэ тоосжилтийг бууруулах, гидроциклон гэдэг ч юм уу, тоосжилтийг сорох, бууруулах, чийгээр доош нь намжаах, шүүлтүүр барих гэхчлэн агааржуулалтын асуудлуудыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдэж хүчин чадлыг сайжруулсан үед баруун үйлдвэр зогсоно. Бас ТЭЦ-4 хашаанд байгаа төвийн үйлдвэр гэж бий. Цагт найман мянган тонныг үйлдвэрлэнэ гэж тооцсон ч 4,5 мян тонн орчим л үйлдвэрлэж байсан юм. Мөн л тоног төхөөрөмжийн уялдаа муу байсан. Одоо бол тоног төхөөрөмжүүдийг сайжруулсны хүчинд өнөөдөр цагт 15 мян тонн үйлдвэрлэх болсон. Энэ үйлдвэр их сайн ажиллаж байна. Хоёр шугам нь сайн байгаа. Энэ бүхэн ирэх өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байгаа гэсэн үг.

-Танай үйлдвэрийн толгой болох “Эрдэнэс тавантолгой” компани өнөөдөр нийгмийн анхааралд байна. БЭТ томилогдсон, ТУЗ шинэчлэгдсэн. Энэ нөхцөлд танай үйлдвэрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтууд ямар байна. Онцгой цаг үед ажил жаахан царцанги байдаг даа. Удахгүй наадам, тэгээд өвөл шүү дээ?

-Зуны гурван сарыг л маш сайн ашиглах ёстой. “Эрдэнэс тавантолгой” компани борлуулалт дээрээ голлон анхаарч, улсын төсөв бүрдүүлэх гээд явж байгаа учраас санхүүгийн хувьд нэлээн хатуу байгаа. “Тавантолгой түлш” компанийн хувьд ТУЗ-өөр дамжуулан ирэх оны төсвийг баталсан. Баталсан төсвөөрөө санхүүжилтээ авч байгаа. Жаахан алгуур байгаа ч гэсэн төлөвлөгөөт ажлууд бол явдагаараа явж байгаа. Зүүн үйлдвэрийн төсөв дээр тодотгол хийх шаардлагатай. Тодотголын ажил дээр жаахан цаг алдаж байна. Бид ТУЗ-дөө шийдүүлэх гээд өгчихсөн. Энэ хурдан шийдэгдвэл зүүн үйлдвэрийн 3 дугаар цех ашиглалтад хурдан орж, баруун үйлдвэрийн ачаалал эрс бууна. Өвлийг дажгүй давна гэж харж байна.

-Одоо эхэнд ярьсан сайжруулсан түлш, шахмал түлшний ялгаагаа хэлж өгөх үү?

-За тэгье. Анхнаасаа нийгэмд буруу ойлгуулсан, буруу мэдээлэл өгсөн шиг байна. Ер нь бол түүхий нүүрс түлж байгаад нийтлэг буюу завсарын нүүрс рүү шилжсэн үйл явц шүү дээ. Товчхондоо бол эрчим хүчний нүүрс гэж ойлгох хэрэгтэй. Энэ нүүрсийг эхэнд хэлснээр нунтаглаад, барьцалдуулагч хийж шахаад гаргаж байгаа ч гэсэн нүүрс л байхгүй юу. Нүүрс учраас нүүрснээс гардаг дэгдэмхий бодис бүгд ялгарч гардгаараа гарна. Азотын, хүхрийн, нүүрс төрөгчийн олон нэгдлүүд бүгд байдгаараа байгаа. Хамгийн гол нь, Тавантолгой буюу Энержи Ресурсийн уурхайгаас авчирч байгаа эрчим хүчний нүүрсэнд энэ бүх дэгдэмхий бодисууд нь Багануурын түүхий нүүрснээс хоёр дахин бага байгаа юм. Үүгээрээ л ялгаатай, онцлоготой. Эдгээр бодисууд хоёр дахин бага байгаа нь Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан үндэслэл болдог. Илчлэгийн хувьд бол Багануурын нүүрс 3000 орчим ккл илчлэгтэй. Тэгвэл Тавантолгойн нүүрс дунджаар 6000 келколорын илчлэгтэй. Тэгэхээр нүүрсний илчлэг чанараараа Багануурын нүүрснээс хамаагүй сайн. Нийслэлийн нэг өрх айл Багануурын нүүрсийг өвөлдөө дөрвөн тонныг хэрэглэдэг байсан бол манай үйлдвэрийн шахмал түлшийг өвөлдөө 2,5 тонныг хэрэглэж байна. Тэгэхээр галлагаанд хэрэглэдэг нүүрсний хэмжээ буурсан. Агаарт цацагддаг дэгдэмхий бодисуудын ялгардаг хэмжээ Багануурын нүүрсэнд 44 хувь бол, шахмал түлшинд 22 хувь байгаа. Ингэж хоёр дахин буурсан нь лаборторийн шинжилгээгээр батлагдсан зүйл. Онолын хувьд ч, практикийн хувьд ч тэр. Гэтэл ард түмэнд анхнаас нь сайжруулсан, утаагүй түлш гээд ойлгуулчихсан. Утаа оргүй алга болох юм байна гээд буруу ойлгочихсон. Өнөөдөр ч тийм буруу ойлголттой байгаа нь хүмүүст хүлээлт хэтэрхий өндөр болгочихож. Үнэндээ тийм биш л дээ.

-“Энэ чинь нүүрс, утаа гарч таарна” гэж та шууд хэлээд байна уу?

-Их утаатай нүүрс түлдэг байсан бол одоо бага утаатай нүүрс түлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Чанарын ялгааг нь хэлж өгч байна. Улаанбаатар огт утаагүй нүүрс түлье гэвэл монголчууд Газ руу л шилжинэ. Хамгийн ойрхоны жишээ Бээжин хот байна. Саяхан ямар гамшигтай утаатай байлаа. Өнгөрсөн жилээс Бээжин орчмыг “Газжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, одоо утаагүй болж байна. Хятадад өнөөдөр манайх шиг 600 орчим шахмал түлшний үйлдвэр байна. Тэд шахмал түлшийг хагас коксоор хийж байна. Манайх бол эрчим хүчний нүүрсээр хийж байна. Тэгэхээр манай дараагийн алхам хагас кокс руу л шилжих. Монголд хагас коксын үйлдвэр барих цаг болсон. Хагас коксын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсээр хийж болно, Тавантолгойн чулуун нүүрсээр ч хийж болно. Үүнийг Олон улсын эрдэмтэд судалсан. Ялангуяа Япон, Германы эрдэмтэд Монголд ирж манай нүүрийг туршсан, судалсан. Тэдний судалгаагаар Багануурын нүүрснээс хагас кокс гаргаж болно гэсэн. Тэгэхээр Улаанбаатарт хамгийн ойр, эдийн засгийн зардал багатай нь Багануурын уурхай учраас тэнд байгуулах боломжтой.

 -Ирээдүйг ингэж харж байгаа юм байна. Ингэхэд нөгөө шахмал түлш барьцалдуулагчийг урд хөршөөс зөөсөн хэвээрээ л байгаа юу?

-Өмнө нь бол 100 хувь Хятадаас авч байсан. Өнгөрсөн жил 50 хувийг урдаас, үлдсэн 50 хувийг дотоодоосоо авсан. Энэ жилээс барьцалдуулагчийнхаа 60-70 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ийм маягаар “Тавантолгой түлш” компанийн ажил жигдэрч л байна. Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засч сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан. Компанийн санхүүд нэвтрүүлсэн шинэ программуудыг яривал нэлээн цаг авах байх. Мэргэжлийн хүмүүс ярих нь илүү ойлгомжтой. Энэ бүгд “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг зөв хандлага руу нь чиглүүлсэн, оруулсан үйл явц юм. Уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засгийн эрүүл загвар, зарчимдаа нэг орчихвол цаашаа бүтэмжтэй явчихдаг үйл ажиллагаа юм. Үүнийг энэ салбарт 37 жил анхан шатнаас эхлээд дарга захирлыг нь хүртэл хийсэн хүний хувьд гадарлана. Одоо дараа дараагийн ажлууд зөв шугамаараа явах нь тодорхой.

-Ярилцлагын төгсгөлд асуухад “Тавантолгой түлш” компанийн ажилчдын нийгмийн асуудал ямар түвшинд байгаа вэ?

-“Тавантолгой түлш” компанид өнөөдөр нийт 2700 гаруй ажилтан байна. Тэдний 70 гаруй хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгсэн хэрнээ нийгмийн даатгалдаа энгийн ажиллах нөхцлөөр бүртгэгдсэн байсан. Үүнийг нь бид өнгөрсөн жилээс хөөцөлдөж, ХНХЯ-тай нэлээн яриа болсны эцэст хүнд хортой нөхцөлд бүртгүүлсэн. Ажилчдынхаа төлөө хийсэн том ажил. Хөдөлмөрийн тухай хуулиар энэ нь тэтгэврийн насаа наана тогтоолгох, зохих хөнгөлөлтүүдийг эдлэхээс эхлээд ажилчид маань үнэ цэнтэй ажил болсонд баяртай яваа.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин П.Хашчулуун

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *