ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсанд талархал илэрхийлжээ
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Өнөөдөр (2025.03.10) УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, У.Отгонбаяр нар Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллалаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын хэрэгжүүлж буй бодлого болон энэ хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент өнгөрсөн намрын чуулганаар эдийн засгийн өсөлтийг дэмжих дөрвөн томоохон төслийг хөдөлгөж, 30 жил гацсан төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн болохыг онцлов.
Түүнчлэн парламент иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр онцгойлон анхаарч ажиллаж буйг дурдав. Одоогийн байдлаар нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар, 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байгаа тул хүн төвтэй эрх зүйн орчныг бий болгох, 3000 гаруй журмыг шинэчлэн журамлах ажлыг хаврын болон намрын чуулганаар хийхээр төлөвлөж буйг танилцууллаа.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, боловсролын салбарын асуудлууд
УИХ-ын дарга бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол төв болгон хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих өргөн боломжтойг онцоллоо.
Мөн тэрбээр Чингис хотын ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонсов. Сурагчид ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл сунгасанд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ анги танхим, номын сан, дотуур байрны хүрэлцээ, ариун цэврийн байгууламжийн нөхцөл, нарийн мэргэжлийн багшийн хүрэлцээ, интернэтийн хурд зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, шийдвэрлэх хүсэлт тавьсан юм.
Энэхүү уулзалтад Хэнтий аймгийн Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож, санал бодлоо илэрхийллээ.